Thursday, April 16, 2009

Copy paste

өнөөдөр ийм булан нээхээр шийдлээ. Өөрт таалагдсан бичлэгээ эх үүсвэртэйгээр нь CP.

http://www.news.mn/news/section=home/page=index#0.12670799874219207

Залуу хүн бүр энэ эх орны хамгийн хүчирхэг эд эс билээ
Хорин настай дүү маань “Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхгүй” гэж тунилаа. Түүнийхээр бол өгсөн санал нь тэртэй тэргүй хүссэн сонголтыг нь авчрахад ерөөсөө нэмэр болохгүй гэнэ. “Нэг санал ч гэсэн дээ...” гээд гүйж байсан өнгөрсөн зуны талархмаар идэвх нь түүнээс ор тас алга болсон байв. Ийм амархан...
Гэхдээ ганц миний дүү ч биш эргэн тойрны, таньдаг, таньдаггүй олон хүнээс, тэр тусмаа залуучуудаас ийм үг олон удаа сонслоо. Ардчиллын төлөө өгсөн анхны санал нь ач холбогдлоо өгөлгүй алга болсон гэж дүүгийнхээ тайлбарласан долдугаар сарын нэгний өдрийг эргээд дурсмаар байна.

Ард түмэн сонгуулийн дүнг эсэргүүцэн цугласан тэр өдөр Сүхбаатарын талбайд ирэгсдийн дийлэнх нь залуучууд байсан. Залуучууд өнгөрсөн сонгуульд урьд харагдаж байгаагүй ирцтэй оролцож, өмнө байгаагүйгээр өөрсдийнхөө сонголтын төлөө тэмцжээ. Хариулт нь даанч аймшигтай гарсан.

Эрх чөлөөнийхөө төлөө үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийнхөө өгсөн үнэт саналыг хамгаалахаар цуглагсдыг зуу зуугаар нь баривчлан хорьсон, хохирогчдын 80 орчим хувь нь залуу сонгогчид байв. Одоо сонгуулийн насны 200 гаруй залуу улс төр, сонгууль гэдэг үгийг үзэн ядаж, ийм эх оронд амьдарч, тийм эрх баригчидтай төрд залуу насаа өнгөөрөөж байгаадаа эмзэглэн өргөст торны цаана хатаж суугаа. Сонгууль бүрийн дараа ирдэг хүсээгүй хариуг бодохоор би ч гэсэн дүүтэйгээ санал нэг байсан. Надад ч бас адилхан сонгууль өгмөөргүй санагдаж, бухимдах үе гардаг...Гэхдээ заавал өгнө. Дандаа өгч байх болно. Өгөхгүй бол, хоёр сая сонгогчийн нэг нь байхгүй бол миний бухимдал надад л үлдэнэ гэдгийг ойлгож, бусдад саналаа өгөхийг уриалмаар санагдсан юм, энэ удаа.

Бодож байснаас олон өнгөөр харагдахгүй байгаа ч санаснаас илүү том үр дагавар дагуулах Ерөнхийлөгчийн сонгуулийг хүмүүс өөр өөрийнхөөрөө өнгө ялган зурж байна. Сонгуулиас сонгуульд хүн цочмоор тактик боловсруулах аргад суралцаж байгаа улс төрийн намуудын хар, цагаан пи-ар залуусын толгойг эргүүлж, ухамсартай сонгуулийн насныхныг улс төрийн бохир аргаар залхааж байгааг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд сууж байгаа. Шударга биш өрсөлдөөн, шударга бус сурталчилгаа, улс төрчдийн урвалтыг хараад сонгууль өгөх биш сонгууль гэдэг үзэгдлийн хөшгийг нэг мөсөн хаачихмаар санагдах үе байдаг ч тэр ший жүжгүүдийг ядаж утга учиртай болгохын тулд бидний нэг ч гэсэн санал чухал билээ. Зүгээр л саналөө өгөх нь чухал. Сонгуулийн маргааш миний болоод таны хүссэнээр дүн гардаггүйд сэтгэл дундуур үлддэг ч иргэн бүрийн өгсөн ширхэг саналын ард энэ нийгэмд хэзээ нэгэн цагт эд эс нь болж үр дүнгээ өгөх сонгогчийн асар том хувь нэмэр байдаг гэж ойлгодог.

Өнөөдрийн залуус өмнөх арван жилийн сонгогчид биш. Тэднээс үзэл бодол хийгээд төлөвшил, орчин нөхцөлийнхөө хувьд ондоо. Гоёлын дээл өмсч, баяр ёслолын байдалтай сонгууль өгдөг байсан аав, ээж нар шигээ үнэнч сонгогч биш ч гэсэн Барак Обамаг сонгосон Америкийн ард түмэн шиг сонгогч байх боловсролтой залуус өнөөдрийн Монголд мянга мянгаараа байгаад баярлаж байна. Их холын ирээдүйг харж, эсвэл өчигдрийн алдааг засах гэж, магадгүй долдугаар сарын 1-нд бидний төлөө тэмцэхдээ гэрээ орхиод шорон руу явсан үе тэнгийн залуусынхаа зоригийг дэмжиж…гээд ямар ч зорилготой байж болно. Саналаа өгөх нь л чухал. Их Монгол улсыг байгуулсан Чингисийн хүрээлэгчид залуу насныхаа хүчээр дэлхийг байлдан дагуулж байлаа. 1921 онд залуу хувьсгалчид Монголыг аварсан. Ардчиллын салхи сэвэлзсэн тэр өдрүүдийг бас л чин зоригтой залуучууд авчирч байлаа. Залуу хүн бүр энэ эх орны хамгийн хүчирхэг эд эс билээ. Би дүүгээ санал өгүүлэхээр болсон. Бас өөрөө ч өгнө. Бүгдээрээ хамт Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн төлөө саналаа өгцгөөе, залуучууд аа. Хэн байх нь дараагийн асуудал…


Б.БАДАМГАРАВ

No comments:

Post a Comment