Saturday, January 30, 2010

Даян дээрхийн бөө Санжаа зайран

Үүнийг уншаад энэ бичлэгийг оруулмаар санагдлаа. Сүүлийн үед бөө нарын тухай элдэв яриа ихээр гарах болсон билээ. Нээрээ энэ бөө нар дэндэж байна шүү. Саяхан хүртэл манай хадам дүүг бөө болгоно энээ тэрээ гээд бөөн юм болсон юм. Ингээд "Тунгалаг тамир" романаас хулхи бөөгийн тухай бичсэн энэ хэсэгийг та бүхэндээ сонирхуулъя. Энэ зохиол дээр гарч байгаатай адил зүйл яг одоо бас болж байгаа юм шиг санагдаад байгаан.



. . . Ширүүхэн довтолж ламын гэгээний нутгийг өнгөрөв. Морьд нь баахан сульдаж, газар хороох нь улам бага болж явтал гадна нь өдий төдий хүн бужигнасан хоёр эрээн майхан харагдав. Майхныг тойрон чөдөртэй, тушаатай морь тэмээ энд тэндгүй идэж байв. Очихоор шийдээд олон морь уяатай зэл уяан дээр бууж майхныг чиглэн явтал тэртээ идэж байгаа ижилхэн хоёр хар морь нүдэнд нь тусав. Ямар сайхан морь вэ гэж бодоод бага эрээн майханд оров. Өдий төдий хүн хоол идэж, айраг ууж байжээ. Төмөр бүгдийн амрыг эрж, баганын орчим суув. Нутаг ус нэр алдраа асуулцсаны дараа Төмөрт хоол, айраг өгөв. Идэж уух юм нуур далай шиг бялхсан энэ майханд сууж байхдаа даян дээрхийн нэртэй бөө Санжаа зайран гэдэг явж байгааг мэдлээ. Манай зайран багшийн ид шид хязгааргүй болохоор амьтанд тусалж явна. Нутгаас бид хоёр, гурван морьтой гарсан юмсан. Одоо юмаа ч авч явж чадахгүй болох нь. Зайран нь чадалтай болохоор барьц нь их байх гэж нэлээд согтуу нэг хар хүн хэлэв.

Xүмүүc энэ зайраны ид шидийг шагшин байж ярих зуур Төмөр гэдэс гаран цадаж аваад хормойгоороо тосоо арчих зуур майхны амаар харвал зэрэгцэн идэж байгаа хоёр хилэн хар морь наранд гялтганан улам ч сайхан харагдав. Оройн нар түмэн алтан утсаараа цэлмэг тэнгэрийн өрнө хаяаг нэвтлэн шагайсаар жаргаж эхлэв. Тэр шөнө Төмөр хоёр хар морийг хулгайлж аваад модонд уяж, үд өнгөрөхийн үед майханд эргэж ирвэл бөөн үймээн болж байв. Орой од түгэхийн үед хоёр хар морь авсан хулгайчийн зүрхийг суга татан иднэ, авсан муу хулгайч морьд авчирч өгвөл зайран багш ивгээж нохойн амийг өршөөн нигүүлсэнэ. Өнөө орой зайран багш хулгайчийн зүрх сугалахад ирцгээгээрэй гэж нэг хүн өндөр дуугаар зарлаж байв.

Ид чадал нь багтаж ядсан cvpxий бөө нарын тухай сүртэй яриа олныг сонссон Төмөрт энэ үг баяртай сэтгэл төрүүлсэнгүй. Энэ чинь зүрхий минь үнэхээр идчих юм биш байгаа даа. Бөө нар cvpxий арга чаргатай гэж ярьдаг гэж бодогдоно.

Гэтэл «Засагт ханы цахиур Төмөр бөөгөөс айгаад авсан хоёр морио авчирч өгсөн гэнэ билээ» гэж шуугин ярих шившигтэй яриа сэтгэлд нь орж ирлээ.

Том эрээн майхнаас Санжаа зайран гарч ирлээ. Шувтан мөртэй туранхай нам биетэй, тогтож ядсан хурц нүдтэй, үзүүрт нь цагаан сур сүлжсэн алаг цоо бууралтаж яваа гэзэгтэй, дөч орчим насны хар хүн ажээ. Хөх дээл дээр хүрэн бүc ороогоод мөнгөн хэт билтэй хутга зүүжээ. Энэ хүн хорин насандаа бөө болж, ан хийгээд буцаж явахад нь модны цоорхойд идэж байсан хоёр үхрийг хараад эрсэн эзэн нь мэргэлүүлснийг олж өгснөөр алдаршжээ. Гэхдээ тэр хоёр үхрийг урьтаж үзээд дараа нь олж өгснөө аль хэдий нь мартсанаар барахгүй харин ид шидээр олж өгсөн юм шиг бодож явдаг ажээ. Одоо бол хүнийг буудах, сэлэмдэх зэрэг түмэн зүйлийн ид шид үзүүлдэг болжээ. Ингээд хаа заль хэрэглэж, хаа ид шид хэрэглэж байгаагаа өөрөө ойлгохоо больсон хүн юм. Хүмүүс түүний хойноос хуйлран дээлийн хормой, гутлын өлмий зэрэг хүрсэн газар бүхнээс адис авч байв. Хүрэн жинстэй нэг хүн зайрантай уулзаж юм хэлэв.
- Бор зүрхий нь булгилуулж байгаад хүртэж орхино гэж зайран чанга дуугаар хэлээд их л бардам инээв.

«Чадалтай юм бол чи миний зүрхийг эсвэл би чиний морийг» гэж Төмөр сэтгэлдээ шивэгнэв. Тэгээд орой болж ертөнцийн хар бүрээс таглан харанхуйлах үед зайран их майхандаа түмэн уулын савдаг дуудан хулгайчийг сүртэй хараалаар зүхэн занаж дөвчирхөж гарлаа. Холбоогоо шажигнуулсан тал хэнгэрэг нь эхлээд жигд дуугарч байснаа сүүлдээ үргэлжилсэн хоёр цохилтоор түжигнэж эхлэв. Бөө хэнгэргээ хаяж босоод майхны орой руу үсрэв. Тэгээд буцаж суудалдаа суухдаа ямар нэгэн юм гартаа барин шал шал хийтэл идлээ. Том гэгчийн тосон дэнгийн гэрэлд харвал зайраны завьжаар цус цувж, цус болсон хоёр гар нь чичирч байлаа.

- Хулгайч цаашаа харлаа, бурхан минь
- Уушги зүрх хоёрыг нь зооглож орхилоо шүү
- Ийм чадалтай хүн байх гэж
- Муу хулгайчийн хохь нь доо
- Хэлээд яахав. Үхэл нь ирж дээ гэх зэрэг хүмүүсийн шивнэлдэн ярих дуу сонсогдов. Төмөрийн цээж нь хөнгөн болчихсон ч юм шиг, хатган өвдөж байгаа ч юм шиг санагдав. Төмөр амьсгаа давчдан дотор нь эвгүй болоход майхнаас гарвал дорнод уулын оройгоос том гэгчийн сар салж ядан мандаж байв. Шөнийн жихүүн хүйтэн салхи хацар руу нь үлээж бие нь жирс жирс гэлээ.

- Үхсэн хүнд сүүдэр байдаггүй юм гэнэ билээ гэж бодоод сүүдрээ харвал хэвээрээ байв. Шууд уяан дээр очив. Чөтгөр болсон юм боль морь үргэх байх гэж бодоод мориндоо хянамгай ойртвол морь нь огт хөдөлсөнгүй. Мордоод явахдаа дахин дахин сүүдрээ харж байв. Хүйтэн хөлс нь чийхран, дахин дахин хэнхдэгээ барилан явсаар майхнаас нилээд холдоод «үхсэн хүнд мөр байдаггүй юм гэдэг» гэж бодоод бууж шавар дээр гишгэвэл бас л байлаа. Гутлаа тайлж байгаад хүртэл үзсэн боловч мөртэй байлаа.

Магнайнхаа хөлсийг ханцуйгаар арчин, мордоод цааш явсаар хоёр морио уясан газар ирвэл бат бэх уяатай хэвээрээ хамраа тачигнуулан зогсож байв. Ам нь цангаж хоолой нь хатсаныг сая мэдэж ойролцоо байгаа жижигхэн горхиос түрүү урагш харан хэвтэж байгаад баахан залгилав. Тэгээд нэг хар морийг нь эмээллэж унаад гурван морио холбон хөтлөөд дорно зүгийг барин хатируулж явахдаа байн байн тачигнатал инээн нойронд дарагдсан харанхуй ертөнцийг сэрээж байв. . .

Thursday, January 21, 2010

"Галуу дагасан гайхамшигт аян" хэмээх номноос

Миний гарт 1964 онд хэвлэгдсэн Лагерлөф Селма-гийн зохиол "Галуу дагасан гайхамшигт аян" хэмээх ном байна. Уг номыг бичгийн их хүн Б.Ринчин гуай монголчилжээ. Уг зохиолыг би хүүхэд байхдаа унших гэж боддог байсан боловч тухайн үедээ олж уншиж чадаагүй. Хожим манай хадмын номон дунд байхад нь олж авсан юм. Тэгээд саяхан охиндоо уншиж өгөх гэж зориуд захиж авчруулсан билээ. Харин охин маань арай бага байгаа юм уу эсвэл орчин үеийн хүүхдүүд иймэрхүү үлгэр домгийн зүйл сонирхохоо болисон уу ямар ч байсан миний бодсон шиг тэгэж их шимтэн сонирхсонгүй. Тэгээд гэнэт оршилыг нь блогтоо тавимаар санагдаад өнөөдөр оруулж байгаа минь энэ.

Галуу дагасан гайхамшигт аян

Эрдэм сурахын их зам нээгдсэн Монгол ардынхаа олон багачуулд үзэн сонирхдог хэмээн Шведийн нэрт зохиолч Лагерлөф авгайн алдарт энэ үлгэр туужийг монгол аялгуунаа буулгаж өсвөрийн олон багачуулыг эх хэлэндээ хайртай, эрдэмтэй хүмүүс болтугай гэж ерөөл тавилаа.

Өвгөн орчуулагч нь


ОРШИЛ

Чихэну чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу

Манай улсын олон түмэн багачуул, ном үзэн сонирхох нь их болж, зохиогч орчуулагч нар олон бага уншигч нарынхаа хүслийг хангахад хүч хүрэхгүй болж байгаа нь нэг бодохунаа баярламаар, нэг бодохунаа гунимаар. Баярлах нь, манай багачуул ном үзэх ийм дуртай болсонд нь магнай тэнийн баярлаж байна. Гуних нь, тэр олон сайхан уншигчдын номын цангааг гаргаж, ядахдаа сар бүр ширээн дээр нь нэг шинэ ном тавьж чадахгүйг бодоход гуним ажээ.
Ероп зүгт Шведийн зохиогч Лагерлөф Селма гэдэг авгай, Швед ардын үлгэр домгоос сэдэвлэж бичсэн олон сайхан зохиолоос орос хэлэнд товчилсхийж орчуулсан нэгэн дэвтэр тэр жил олж аваад, манай монголын олон багачууд үүнийг монголоороо үзвэл юутай сонин сайхан байхсан бол гэж хэдийн бодовч бичих орчуулах зав олдож өгөхгүй он удлаа. Энэ завсар хот хөдөөгийн олон залгамжлагч багачууд надад улаан бүчээ халуун сэтгэлээр зүүж өгсөнд, хэдийгээр миний зав чөлөө үнэхээр муу, нэг насаараа цуглуулан, судалсан зүйлээ өөрийн мэргэжлийн хувьд бичиж амжихсан гэж, амрах цагаа хасаж, ажиллах цагаа сунгаж оролцох боловч, монголынхоо олон багачуулд гэж идэр насандаа Сетон Томпсон, Андерсен, Арабын мянга нэгэн шөнийн үлгэр зэргээс орчуулсан дээрээ, өтлөх насны үес, жаргах нарны цаг, бас нэг үлгэр тууж орчуулж үзэхээс дээ. Хүүхэд, багачуулын урманд нь нэг сонин зохиолоос танилцуулж, сонирхох номын нь тоонд нэгийг ч гэсэн нэмж өгөхөөс дөө гэж бусад юм бичих цагаасаа хасаж, мөн Хөвсгөл, Булган аймгаар энэ хар бар жилийн зун аман аялга, аман зохиол, угсаатны зүйн шинжилгээний ангитай явах зуур, сумын зочид буудалд өглөө орой нь бичиж орчууллаа. Энэ ном Скандинавын хойгийн швед ардын аман зохиолын амтат сэдэвтэй танилцахад сонин тул улс монголын соёлын эзэн болох хувьтай багачуудаас гадна, миний үеийн өвгөд өтгөс ч гэсэн, хүүхдийн ном гэж хойш тавихгүй, барин тавин үзвэл сонин байж магадгүй гэж, өөрөө сонирхсон үзсэний хувьд бодож, үсэн буурал өтгөс ч ач нарынхаа хамт сэтгэл сэргэн баясаж уншаасай гэж товч энэ оршил бичлээ.

Б. Ринчен доктор профессор

Улаанбаатар, 1962 он, хар бар жил


Thursday, January 7, 2010

Үнэн марзан юм аа. Юу ч гэхэв дээ.

Ийм нэг марзан мэдээ олж уншлаа. Хэлэх ч үг алга даа. Марзан, марзан юман дээр нь тайлбаруудаа бичээд бичээд явчий.

Халтиргаа гулгааны “буруутан” автомашины яндан гэв

Жил жилийн өвөл халтиргаа гулгааны асуудал үүсдэг ч энэ жилийнх шиг ингэж мөсөн гулгуурын талбай мэт болж байсангүй. Нийслэл хотод цас орох нь бага байгаа ч халтиргаа гулгаа хэрээс хэтэрч, хүүхэд хөгшид гэрээсээ гарахаас ч төвөгшөөх боллоо. Халтиргааг багасгахад сая сая төгрөг зориулсаар байгаа ч үр дүн муутай байгаа нь автомашинуудын яндангаас гарч байгаа уснаас шалтгаалж байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.
/Яасан мундаг байгууллагууд, яасан мундаг мэргэжилтнүүд вэ/
Нийслэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн мэргэжилтнүүдийн судалснаар нэг автомашины яндангаас өдөрт дунджаар 500 грамм ус ялгарч байдаг ажээ. Нийслэлд бүртгэлтэй 140 мянган машины 100 мянга нь хөдөлгөөнд оролцдог гэвэл өдөрт таван тонн ус зугуухнаар зам дээр асгарч байгаа гэж тэд үзэж байна. Тиймээс холбогдох байгууллагуудтай хамтран нарийвчилсан судалгааг дахин хийж, үр дүн нь эерэг гарвал автомашины янданд ус тосдог сав байрлуулахаар болсон байна. /хахахаха. Тэгээд өдөржингөө тоссон усаа орой нь гэртээ оруулж хайлуулж асгаад өглөө нь тэр саваа марталгүй авч гарч яндандаа өлгөнө шүү. Иймэрхүү янзаар 2 сарын дараа мөстлөг бүрэн зогсоноо. /

Харин хайлуулагч бодис, элс, давсыг энэ сардаа хангалттай хүрэхүйцээр нөөцөлжээ. /Тэр хайлуулдаг бодис гэж ямар юм байна. Энэ бодис нь манайх шиг хуурай, хүйтэн өвөл болдог газар хэрэглэдэг эд биш л болов уу. Европ, эсвэл япон шиг нойтон цас ордог газар л хэрэглэдэг байж таарна./ Одоогийн байдлаар хайлуулагч бодис 100 тонн, давс 120 тонн, элс 300 шоо метрийг нөөцлөөд байгаа ажээ. Хотын аль ч дүүрэгт хайлуулагчийг гуч машины тэвшин дээрээс хүрздэн цацаж байхыг харж болно. Болхи гэхэд дэндүү болхи харагдах үүнээс өөр арга байдаг эсэхийг тодруулахад “Хайлуулагч бодисыг цацдаг зориулалтын машин зургаа бий. Гэхдээ машинаар цацвал бидний нөөцөлсөн бодис хаанаа ч хүрэхгүй. Зориулалтын машин их хэмжээгээр цацахаас гадна хүчтэй цацдаг учир машинууд руу үсэрч бохирдуулах, хонхойлгох, будгийг нь халцалж зурах зэрэг эрсдэлтэй тул гараар цацаж байгаа” гэсэн юм. /Уг нь зориулалтын юмыг зориулалтаар нь л ашиглах хэрэгтэй шдээ. Тэгэхгүй тэгээд тэр машинаар нь яах гэсийн болоо/Хайлуулагч бодисыг тонн тутмыг нь 590 мянган төгрөгөөр импортлон авдаг болохоор арвилж хэмнэхээс аргагүй гэнэ. /Хэн нэгний бохир бизнес гэдэг нь тодорхой л байна шд. 100 тн бодис гэж бодоход овоо юм унах нь ээ. Тооцоог нь хийхэд толгой хүрэхгүй шинжтэй / Түүнчлэн халтиргаанаас хамгаалах бодисыг машины хөдөлгөөн татарсан өглөө үдшийн цагаар цацах саналыг хотын удирдлагууд хэлж байсан ч энэ нь боломжгүй зүйл ажээ. Учир нь уг бодисыг өдөр нартайд цацвал хайлуулах чанар нь илүү байдгаас сүүдэр газрын мөстөлт арилахгүй байна гэсэн тайлбарыг мэргэжилтнүүд хэлж байна. /хахахахаха. Цэцэрлэгийн хүүхэд ч ийм юманд хууртахаа больсон цаг шүү дээ./ Зөвхөн хотын төвөөрөө, тэр дундаа төрийн ордон, хотын захиргаа хоёрыг тойруулаад давс, бодис цацаад байна гэсэн иргэдийн гомдлын хариуд “Үнэхээр тийм алагчлал байхгүй. Бүхий л замд цацаж байгаа. Гэтэл өгсүүр болон сүүдэр талын замуудад цацсан бодисын үр дүн муу байгаагаас хүмүүст тийм сэтгэгдэл төрж байхыг үгүйсгэхгүй. /Нэртэйгээр нь, сүүдэр талдаа зориулсан хайлуулагч бодис импортоор оруулж ирэх шаардлагатай тэдэн төгрөгний төсөв хэрэгтэй гээд нэхээч/ Өнөөдөр л гэхэд Баянхошууны хөтөл, Чингэлтэй, Хайлаастын замд хайлуулагч цацлаа. Баянзүрх дүүргийн Дамдинсүрэнгийн гудамжны зам, Өнөр хорооллын арын зам, 3,4 дүгээр хорооллын дэнж дээрх гэр хорооллын өгсүүр замын мөстөлт арилахгүй байна” гэсэн хариу өглөө.

Д.Цээпил