Saturday, March 6, 2010

Өвөөгийн тухай дурсахуй буюу “Өвөөгийн яриа”-ны эхлэл

Өвөөгийнхөө тухай бичиж байсан нэг бичлэгээ оруулъя. Уг нь нилээн дээр эхэлсэн юм. Өнөөдөр харсан чинь сэдэвчилж оруулахгүй бол маш их юм байгаам байна гэж санагдаад, тэгээд “Өвөөгийн яриа” гэсэн булан нээе гэж бодлоо
Миний өвөө /ээжийн аав/ Өөхийн Цэдэндорж 1920 -1923 оны орчимд одоогийн Төв аймгийн Эрдэнэ-Сант сумын нутаг Булагт гэдэг газарт төрсөн байна. Бага насныхаа тухай бидэнд /магадгүй би анзаараагүй байх/ нэг их ярьж байгаагүй юм. Би амьдралых нь түүхийг ч нэг их сонирхдоггүй өвөө маань ч нэг их ярьж өгдөггүй байж. Мань мэтэд юугаа ч ярих вэ дээ. Өвөө маань цэх шудрага зантай, зоримог, шийдэмгий, ажилч хичээнгүй, хээгүй гээд хүний сайхан чанар бүгдийг л шингээсэн сайхан буурал байлаа. Өвөөгийн тухай миний мэдэх юм гэвэл өвөө маань насаараа монгол гутал урлаж, өөрийн хийцийн олон сайхан гуталаар олон хүнийг баярлуулж явсан буянтай хүн байж дээ. Өвөөгийн хийсэн гуталыг бөхчүүд их өмсдөг байсан гэсэн. Яагаад гэвэл өвөөгийн маань хийсэн гутал жийхэд задардаггүй байж. Гуталаа хийдэг өөрийн гэсэн технологитой. Гутлынхаа түүхий эдээс бусад бүх зүйлийг гараараа хийдэг байсан юм. Багажаа хүртэл хийсэн гэж байгаа. Монгол гутал урлахад хамгийн хэцүү нь гутлын хоншоор нь гэж хэлдэг байсан. Угалзаа нарийн мяндсан утасаар оёно. Бусад хэсэгийг нь бүдүүн мяндсан утасаар оёно. Түүнийгээ бэлдэхдээ мяндсан утасаа томж байгаад замын хараар бүрж бэлэн болгоно.

Манайд Цэрэн аварга их ирдэг байсан юм. Би ч жаахан хүүхэд юугаа мэдэхэв. Нэг их том улаан хүн ирнэ. Дээлийнхээ энгэрээс пиво, архи гаргаж ирээд л уугаад байдагсан. Би гайхаад хаанаасаа ингэж гаргаж ирээд байнаа гэж боддог байж билээ. Одоо бодохнээ дээлийнхээ бүсэнд хавчуулчихаад л суугаад байдаг байсан юм билээ. Нухаж зовоодоггүй л байсан юм бх даа. Тэгээд л өвөөтэй маань хууч хөөрөөд л баахан бөх яриад л. Тэр тэгээд энэ ингээд л гээд ярих. Их л нарийн ширийн юм ярьдаг байсан шиг байгаан. Өвөө маань Мөөеө аваргатай их сүрхий байсан гэсэн. /аваргаас асуувал мэдэх л байхдаа. Энийг уншиж байгаа спортын сэтгүүлч байвал мөөеө аваргаас нэг асуугаад өгөөрэй гэж гуйх байна/. Нэг нутаг усанд төрсөн болохоор их л дотно байсан гэнэ лээ. Би амьдралдаа хоёр удаа л ухаанаа алдтал ууж үзсэн гэж ярина. Нэг удаа Мөнхбат аваргатай тэгээд хэдэн бөхчүүлтэй л гэж ярих. Тэр үед хэн нь хэн бэ гэдэгийг сайн мэддэггүй байсан байх л даа. Чингэлтэйн дэлгүүрээс аварга бид хэд нэг авдар архи аваад ууж билээ. Худалдагч нь шилгүй өгөхгүй гэсэн чинь, ах нь удаахгүй уучихаад аваад ирье гэж хэлээд авч байж билээ гэж хэлээд их хөхөрдөгсөн. Би таван шил архи ууснаа л мэдээд байдаг. Дараа нь яаж гэртээ ирснээ санадаггүй. Тэгсэн чинь Мөнхбат намайг хүргэж өгчихөөд яваад өгсөн байна лээ. Бөх хүн болохоор архи сайн даадаг байсан байх гэж ярьдаг байж билээ. Сүүлд Мөөеө аваргын тухай онигоог сонсоод өвөө минь тэр үед хамт байж дээ гэж бодож байсан юм. За тэгээд наадамд хэнтэй хэрхэн барилдсан гээд л их сайн ярина. Баянмөнх аваргатай барилдсан барилдаанийг их сонин, жаахан будлиантай болсон гээд л. Өвөө мэдээж Мөөеө аваргын талд . . .

Хааяа үеийхээ өвгөчүүлтэй ууж халахаараа их гоё гоё яринаа. Тухайн үедээ сонсож л байдаг зүйл шиг санагддаг байсан хирнээ одоо ерөөсөө санахгүй юм. Ан ав хийсэн тухайгаа, залуудаа яаж хөглөж явснаа, бөхчүүдтэй архи ууснаа, мөрийтэй тоглосоноо, бэртэж гэмтсэнээ, хагалгаанд орсноо гээд л ярьж өгнө дөө.

Нас нилээн дээр гарсан хойноо л надад хүүхэд насныхаа тухай бага сага ярьсан юм. Аав маань лам хүн байсан гэж ярьж байсан. Бага байхад нь хүнд өргүүлсэн гэнэ, тэгээд юмны наадах цаадахыг ойлгох болсон насандаа хааяа очиход нь хөөгөөд явуулчихдаг байсан гэнэ. “Одоо бодоход их л ухаантай хүн байж дээ. Тэр үед цаг хэцүү болохыг мэдээд намайг хэргээр өөрөөсөө холдуулж байсан юм шиг байна лээ” гэж сүүлд ярьж байсныг нь тодхон санаж байна. Бодвол нөгөө айхтар хэлмэгдүүлэлтийг хэлсэн биз дээ. Тэгээд арван зургаан настайгаасаа монгол гутал хийж сурсан гэж байгаан. Та хэнээр гутал хийлгэхийг заалгасийн гэж нэг удаа асуухад өвөө нь өөрөө оролдсоор байгаад л сурсын гэж байсан.

Ач нарыхаа дундаас надад их л хайртай байсан санагддаг. Батсайхан, Пүүжээ 2-ийг их загнана. Гэхдээ би өвөөдөө загнуулдаггүй гэж омтгойрч байсангүй. Өглөө хамгийн эрт би босно. Намайг эрдэмтэй хүн болно гэж боддог, итгэдэг ч байсан байх.

Нойронд сэргэг

номонд мэргэн

дайнд баатар

далайд усч,

үйлэнд уран

үгэнд цэцэн

хуриманд цовоо

хуульд шударга гэж ирээд л намайг магтдаг байж билээ.

Намайг /хадам / ээжийнхээ сүнс гэж их итгэдэг. Бага байхдаа би тэр хүний бүх юмыг нь таниж минийх гэж хэлдэг байсан гэсэн. Тэр юмсых нь дунд нэг хэвийн боовны хэв байх. Өвөө маань цагаан сар болгоноор тэр хэвээр надад нэр зааж хэвийн боов хийдэг, сүүлд өөрөө хийхээ болих хүртэлээ л хийдэг байж билээ. Хожим тэр хэв нь манай хамаатнууд дотороо багачуулд зориулсан хэвийн боовны брэнд болсон доо. Тэр хүн их наадамч наргианч хүн байсан гэнэ лээ. Тэгээд би хойд насандаа эр хүн болж төрнө. Охиндоо л очих байх гэж ээжид маань хэлсийн гэнэ лээ. Би бага байхдаа өвөөгийнхөө архиний шавхрууг хөнтөрчихдөг бацаан байсан гэсэн. Яах ийхийн зуургүй хусдаг байсан гэжүгаа. Нэг өдөр өвөө маань за миний хүү нааш ир хоёулаа архи ууя гэсэн гэнэ. Тэгээд хоёр хундаганд архи хийгээд нэгийг нь надад нөгөөг нь өөртөө барьж. Би тэгсэн чинь “би чамтай архи хувааж ууж л явлаа ” гэж хэлсэн гэжуга. Тэгсэн чинь манай өвөө ээжийн сүнс гэж итгэсэн гэж надад хэлж байсан юм.


Би 4-8 нас хүртэлээ өвөөгийнхөө гэрт амьдарсан юм. Намайг ер нь загнаж байгаагүй санагддаг. Би өвөөгийхээ нурууг мааждаг байлаа. Миний хүү нуруу сайхан мааждаг. Хайртай хүн л загтнасан газарыг олдгийн гэж намайг магтдаг байж билээ.

Уруудахад унтах идэх өөдлөхөд санах сэрэх гэж их хэлнэ. Өвөө маань өглөө их эрт сэрнэ. Залуудаа үүрийн үнэгэн харанхуйгаар босоод адуундаа явна. Ер нь нар хөөрсөн хойно босож байгаагүй гэж ярих. Муу эмээ чинь л их ядардаг байсан байхдаа гэж хэлдэг байсан. /Эмээгийхээ тухай дараа бичнээ./

Нойрмог, унтаа хүнд их дургуй. Хүн нойргүй, эрт боссоноос болж үхдэггүй юм шүү, эрт унтаж эрт босох хэрэгтэй, харин нойргүй, хоолгүй явж болохгүй гэж ярьдаг. Энэ зурагт гэж юмыг үзээд унтахгүй юм гээд их дургүй. Сүүлд л “одоо л би нар гартал унтдаг болж байна” гэж байж билээ.


Үргэлжлэл бий . . .