Monday, July 11, 2011

Сайхан наадаарай




Д.Пүрэвдорж

Сумын наадам

Суусрын гүйдэлт салхи шанхаар наадан сэрвэлзээд
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэгс ургаа юу

Дурлал гээч нь намайг бас дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасгаж бас дахин зовоохоор
Дун цагаан шүдээрээ наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хагацалд бас дахин зовоохоор
Хадамд гарсан бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас дахин жаргаахаар
Хүрэн шандан тэрлэгний суман хормойг шүргүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас дахин зовоохоор
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг тэврүүлэв үү

Учрал гээч нь намайг бас дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний балыг шимүүлэв үү
Уушиг цээжний хагацалд бас дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэгийг ядам хуруунд зүүлгүүлэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай минь хөөрхий
Богширон жиргэх мөчиргүй болжмор шувуухай хөөрхий
Болиё гээд болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гээд болохгүй борхон заяа минь хөөрхий