Saturday, January 30, 2010

Даян дээрхийн бөө Санжаа зайран

Үүнийг уншаад энэ бичлэгийг оруулмаар санагдлаа. Сүүлийн үед бөө нарын тухай элдэв яриа ихээр гарах болсон билээ. Нээрээ энэ бөө нар дэндэж байна шүү. Саяхан хүртэл манай хадам дүүг бөө болгоно энээ тэрээ гээд бөөн юм болсон юм. Ингээд "Тунгалаг тамир" романаас хулхи бөөгийн тухай бичсэн энэ хэсэгийг та бүхэндээ сонирхуулъя. Энэ зохиол дээр гарч байгаатай адил зүйл яг одоо бас болж байгаа юм шиг санагдаад байгаан.



. . . Ширүүхэн довтолж ламын гэгээний нутгийг өнгөрөв. Морьд нь баахан сульдаж, газар хороох нь улам бага болж явтал гадна нь өдий төдий хүн бужигнасан хоёр эрээн майхан харагдав. Майхныг тойрон чөдөртэй, тушаатай морь тэмээ энд тэндгүй идэж байв. Очихоор шийдээд олон морь уяатай зэл уяан дээр бууж майхныг чиглэн явтал тэртээ идэж байгаа ижилхэн хоёр хар морь нүдэнд нь тусав. Ямар сайхан морь вэ гэж бодоод бага эрээн майханд оров. Өдий төдий хүн хоол идэж, айраг ууж байжээ. Төмөр бүгдийн амрыг эрж, баганын орчим суув. Нутаг ус нэр алдраа асуулцсаны дараа Төмөрт хоол, айраг өгөв. Идэж уух юм нуур далай шиг бялхсан энэ майханд сууж байхдаа даян дээрхийн нэртэй бөө Санжаа зайран гэдэг явж байгааг мэдлээ. Манай зайран багшийн ид шид хязгааргүй болохоор амьтанд тусалж явна. Нутгаас бид хоёр, гурван морьтой гарсан юмсан. Одоо юмаа ч авч явж чадахгүй болох нь. Зайран нь чадалтай болохоор барьц нь их байх гэж нэлээд согтуу нэг хар хүн хэлэв.

Xүмүүc энэ зайраны ид шидийг шагшин байж ярих зуур Төмөр гэдэс гаран цадаж аваад хормойгоороо тосоо арчих зуур майхны амаар харвал зэрэгцэн идэж байгаа хоёр хилэн хар морь наранд гялтганан улам ч сайхан харагдав. Оройн нар түмэн алтан утсаараа цэлмэг тэнгэрийн өрнө хаяаг нэвтлэн шагайсаар жаргаж эхлэв. Тэр шөнө Төмөр хоёр хар морийг хулгайлж аваад модонд уяж, үд өнгөрөхийн үед майханд эргэж ирвэл бөөн үймээн болж байв. Орой од түгэхийн үед хоёр хар морь авсан хулгайчийн зүрхийг суга татан иднэ, авсан муу хулгайч морьд авчирч өгвөл зайран багш ивгээж нохойн амийг өршөөн нигүүлсэнэ. Өнөө орой зайран багш хулгайчийн зүрх сугалахад ирцгээгээрэй гэж нэг хүн өндөр дуугаар зарлаж байв.

Ид чадал нь багтаж ядсан cvpxий бөө нарын тухай сүртэй яриа олныг сонссон Төмөрт энэ үг баяртай сэтгэл төрүүлсэнгүй. Энэ чинь зүрхий минь үнэхээр идчих юм биш байгаа даа. Бөө нар cvpxий арга чаргатай гэж ярьдаг гэж бодогдоно.

Гэтэл «Засагт ханы цахиур Төмөр бөөгөөс айгаад авсан хоёр морио авчирч өгсөн гэнэ билээ» гэж шуугин ярих шившигтэй яриа сэтгэлд нь орж ирлээ.

Том эрээн майхнаас Санжаа зайран гарч ирлээ. Шувтан мөртэй туранхай нам биетэй, тогтож ядсан хурц нүдтэй, үзүүрт нь цагаан сур сүлжсэн алаг цоо бууралтаж яваа гэзэгтэй, дөч орчим насны хар хүн ажээ. Хөх дээл дээр хүрэн бүc ороогоод мөнгөн хэт билтэй хутга зүүжээ. Энэ хүн хорин насандаа бөө болж, ан хийгээд буцаж явахад нь модны цоорхойд идэж байсан хоёр үхрийг хараад эрсэн эзэн нь мэргэлүүлснийг олж өгснөөр алдаршжээ. Гэхдээ тэр хоёр үхрийг урьтаж үзээд дараа нь олж өгснөө аль хэдий нь мартсанаар барахгүй харин ид шидээр олж өгсөн юм шиг бодож явдаг ажээ. Одоо бол хүнийг буудах, сэлэмдэх зэрэг түмэн зүйлийн ид шид үзүүлдэг болжээ. Ингээд хаа заль хэрэглэж, хаа ид шид хэрэглэж байгаагаа өөрөө ойлгохоо больсон хүн юм. Хүмүүс түүний хойноос хуйлран дээлийн хормой, гутлын өлмий зэрэг хүрсэн газар бүхнээс адис авч байв. Хүрэн жинстэй нэг хүн зайрантай уулзаж юм хэлэв.
- Бор зүрхий нь булгилуулж байгаад хүртэж орхино гэж зайран чанга дуугаар хэлээд их л бардам инээв.

«Чадалтай юм бол чи миний зүрхийг эсвэл би чиний морийг» гэж Төмөр сэтгэлдээ шивэгнэв. Тэгээд орой болж ертөнцийн хар бүрээс таглан харанхуйлах үед зайран их майхандаа түмэн уулын савдаг дуудан хулгайчийг сүртэй хараалаар зүхэн занаж дөвчирхөж гарлаа. Холбоогоо шажигнуулсан тал хэнгэрэг нь эхлээд жигд дуугарч байснаа сүүлдээ үргэлжилсэн хоёр цохилтоор түжигнэж эхлэв. Бөө хэнгэргээ хаяж босоод майхны орой руу үсрэв. Тэгээд буцаж суудалдаа суухдаа ямар нэгэн юм гартаа барин шал шал хийтэл идлээ. Том гэгчийн тосон дэнгийн гэрэлд харвал зайраны завьжаар цус цувж, цус болсон хоёр гар нь чичирч байлаа.

- Хулгайч цаашаа харлаа, бурхан минь
- Уушги зүрх хоёрыг нь зооглож орхилоо шүү
- Ийм чадалтай хүн байх гэж
- Муу хулгайчийн хохь нь доо
- Хэлээд яахав. Үхэл нь ирж дээ гэх зэрэг хүмүүсийн шивнэлдэн ярих дуу сонсогдов. Төмөрийн цээж нь хөнгөн болчихсон ч юм шиг, хатган өвдөж байгаа ч юм шиг санагдав. Төмөр амьсгаа давчдан дотор нь эвгүй болоход майхнаас гарвал дорнод уулын оройгоос том гэгчийн сар салж ядан мандаж байв. Шөнийн жихүүн хүйтэн салхи хацар руу нь үлээж бие нь жирс жирс гэлээ.

- Үхсэн хүнд сүүдэр байдаггүй юм гэнэ билээ гэж бодоод сүүдрээ харвал хэвээрээ байв. Шууд уяан дээр очив. Чөтгөр болсон юм боль морь үргэх байх гэж бодоод мориндоо хянамгай ойртвол морь нь огт хөдөлсөнгүй. Мордоод явахдаа дахин дахин сүүдрээ харж байв. Хүйтэн хөлс нь чийхран, дахин дахин хэнхдэгээ барилан явсаар майхнаас нилээд холдоод «үхсэн хүнд мөр байдаггүй юм гэдэг» гэж бодоод бууж шавар дээр гишгэвэл бас л байлаа. Гутлаа тайлж байгаад хүртэл үзсэн боловч мөртэй байлаа.

Магнайнхаа хөлсийг ханцуйгаар арчин, мордоод цааш явсаар хоёр морио уясан газар ирвэл бат бэх уяатай хэвээрээ хамраа тачигнуулан зогсож байв. Ам нь цангаж хоолой нь хатсаныг сая мэдэж ойролцоо байгаа жижигхэн горхиос түрүү урагш харан хэвтэж байгаад баахан залгилав. Тэгээд нэг хар морийг нь эмээллэж унаад гурван морио холбон хөтлөөд дорно зүгийг барин хатируулж явахдаа байн байн тачигнатал инээн нойронд дарагдсан харанхуй ертөнцийг сэрээж байв. . .

No comments:

Post a Comment