Saturday, May 29, 2010

А.С.Пушкины зохиолоос

Оросын суут зохиолч А.С.Пушкины түүвэр зохиол 2 ботиор 1976 онд монгол хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн байдаг. Уг хоёр ботийн эхний боть нь яруу найраг, шүлгүүд дараах боть нь өгүүллэг, туужуудийн түүвэр юм. Уг зохиолыг тухайн үеийн манай алдарт зохиолч, орчуулагчид хөлс хүч, оюун ухаанаа шингээн гайхамшигтай сайханаар монгол хэл дээр буулгасан байдаг. Миний бие энэ номноос бага багаар оруулъя гэж шийдсэн юм.
Учир нь нэгдүгээрт, одоо ховордсон дээр үеийн номыг уншиж үзвэл ямар байх бол гэж, ялангуяа ном уншихаа болисон гэж хэлүүлдэг залуу идэр насныханд тухай үеийн хэл, найруулга, орчуулга ямаршуу байж вэ гэдэг нь сонин болов уу. Хоёрдугаарт орос хэл, оросын уран зохиол сонирхон судалж орчуулж буй хүмүүс байвал сонирхох болов уу гэж, ялангуяа орос эхнээс нь тулган үзэхэд сонин байж магад гэх мэтийн бодолуудаас үүдэн оруулж байгаа юм. Зарим нэг орчуулга, найруулгын хувьд эргэж хармаар зүйлүүд нилээдгүй байгаа мэт санагдсан бөгөөд гүүш орчуулагчидын орчуулгын эхийг баримтлан мэргэжлийн хүмүүс, орчуулагчид дахин орчуулж найруулан гаргавал тун сайхан ажил болох болов уу.
Зохиогчийн эрхийн талаар хэлэхэд тухайн үеийн ном зохиолууд маань хувилан олшуулах тараах тал дээр ямар нэг асуудал байхгүй байх гэж зүрхлэн бодсон юм. Гэхдээ иймэрхүү асуудал гарвал нэн даруй энэ бичлэгийг хасна гэдэгээ хэлье.
Ном нь нутагт маань гэрт байгаа, номыг сканердаж өгч байгаа хүмүүс маань ажил төрөл ихтэй заваар тааруу байгаа учир дараа дараагийн бичлэгүүд нь жаахан удаж байж орох болов уу гэж бодож байна. /Энд оруулсан "Буудалцсан нь" гэдэг зохиолын орчуулагч нь Э.Оюун эсвэл Д.Нацагдорж болов уу. Номын гарчиг нь надад ирээгүй байгаа тул дараа оруулна. Гарчиг дээр нь орчуулагчидын нэрс бий./






НАСНААС НӨГЦСӨН ИВАН ПЕТРОВИЧ БЕЛКИНИЙ ТУУЖ /
орос эх нь/


Простаковын авгай
Наадахь чинь, там минь, хар багаасаа түүхэнд дуртай хүн юм шүү.

Скотинин
Митрофан, санаанд минь таарч байна.



Недоросль


НИЙТЛЭГЧИЙН ӨГҮҮЛЭХ НЬ
Одоо олны өмнө толилуулж байгаа энэ И.П.Белкиний туужийн зүйлийг хэвлүүлэх гэж хөөцөлдөх болоод бид тэр туужинд нь бие барсан зохиогчийн ядаж товч намтрыг хавсаргаж, эх орныхоо уран үг зохиолыг сонирхогчдын аргагүй зүйтэйгээр шаардах хүсэх сонирхлыг ядахдаа заримлан хангахсан гэж зорин хүссэн билээ. Үүний учрыг бид Иван Петрович Белкиний өвийг залгамжилсан ойр төрлийн хүн Мария Алексеева Трафилина гэдгээс лавлан асуутал, талийгаач тэр хүнийг ер огт таньдаггүй болоод бидэнд тэр хүний тухай юу ч хэлж өгсөн үгүй нь харамсалтай. Тэгээд тэр тухай өөр нэг томоотой хүнээс асууна уу? тэр хүн Иван Петровичийн нөхөр нь байсан юм гэж хэлж өгсөн билээ. Бид тэр үгийг дагаж сураглаад захидал явуулсны хариу хүссэн ёсоор ирснийг найртай сайхан нөхрийн сэтгэл, эрхэм сайхан санаатны эрдэнэ мэт дурсгал болгож хэдэн үг үсгийг зааж тайлбар хавсаргалгүй тэр хэвээр дор сийрүүлэв.
Тэр хариу захидлын үг
«Эрхэм ноён тэр минь!
Энэ сарын 15-нд явуулсан таны эрхэм захидлыг би мөн сарын 23-нд хүлээн авч, нутаг өмч газар залгаа айл хөрш бөгөөд миний чин сэтгэлийн нөхөр байсан Иван Петрович Белкин агсны аж байдал зан авир, төрсөн, үхсэн байдал, алба ажил яаж хийж байсан, гэртээ ямар байсан зэргийг тодорхойгоор олж мэдсүгэй гэсэн таныг санааг олж мэдэв. Таны энэ хүслийг их л бахархан гүйцэтгэж эрхэм ноёнтонд түүний ярьсан хэлсэн үг, миний ажигласан зүйлээс, миний сэтгэлд орсон бүгдийг тэмдэглэн явуулав.
Иван Петрович Белкин, сайн язгуурт, шударга томоотой, эх эцгээс 1798 онд Горюхин (Гаслантын) тосгонд төрсөн билээ. Түүний эцэг агсан дэд хошууч Петер Иванович Белкин бол Трафилина овогт охин Пелагия Гавриловнатай гэрлэжээ. Тэр нь угаас баян бус боловч нямбай, аж төрөхдөө чадамгүй хүн билээ. Хүү нь анх бичиг үсгийн эрдмийг хөдөөний сүмийн умзад ламаас сурч, тэр багшийн ачаар оросын аман зохиолд дурлах оролдох авьяас сэргэж бичиг унших дуртай болсон бололтой. 1815 онд авчны явган цэргийн хороонд албанд орж (Чухам сар өдрийг мартжээ), 1823 онд нас бартлаа тэр албанаа агсгаар билээ. Эх эцэг нь бараг нэг зэрэг насан эцэс болсон учир албанаас чөлөө мэдүүлж эцгийн өмч Горюхин тосгондоо хүрч ирсэн билээ.
Харьяа газар тосгоноо захиран эрхлэх болсондоо Иван Петрович туршлагагүйдээд бас сэтгэл зөөлөн учир удалгүй аж ахуйгаа тусгүй болгож, нөгцсөн эцгийнхээ байгуулсан хатуу дэглэмийг сулруулсан билээ. Чадамгай, шаламгай даргадаа харъяат тариачид нь (заншлы нь дагаж) их л дургүй байсныг өөрчлөн халж тосгоны эрхийг нярав эмгэндээ тушаажээ. Тэр эмгэн, янз бүрийн түүх домог хэлдгээр, түүнд итгэлтэй болсон хүн байжээ. Тэгээд тэр зөнөг эмгэн хүн болсоор хорин таван төгрөгийн цаасыг тавин төгрөгийнхөөс ялган таньж чаддаггүй амьтан байжээ. Тариачин бүгд түүний төрлийн эмгэн гэж ер айдаггүй байжээ. Тариачны өөрсдийн сонгосон дарга нь бас тэднийхээ талыг барьж, хажуугаар нь их л маапаан гаргадаг байжээ. Тэгээд Иван Петрович тариачныг биеэр ажил хийлгэх албан журмын ажлыг өөрчлөөд хөнгөн алба оноож өгөхөд хүрсэн нь тариачид түүний зөөлөн сэтгэлтэйг мэдээд анхны жилд зориут хөнгөлөлт гуйж олоод, хойшдоо өгөх албаныхаа гуравны хоёр хувиас дээшийг самар алирс мэтийн жимсээр тушааж, тэр мөртөө бас дутуу өгч өр тавьдаг байжээ.
Миний бие Иван Петровичийн эцэг агсны найз нөхөр байсан учир хүүд нь бас нөхөр ёсны сануулга зөвлөлгөө өгөх ёстой гэж бодоод түүний алдсан хуучин дэглэмийг дахин хэвээр босгох гэж олон удаа оролдож үзсэн билээ. Түүний учир нэг өдөр хүрэлцэн очоод, хөрөнгө аж ахуйн дансыг нээж тэр луйварчин даргыг дуудаад Иван Петровичийн дэргэд, дансыг байцаан үзэхэд залуу эзэн, анхандаа намайг дууриан их л хичээнгүйлэн анхаарч суугаад, дансыг бодоход, сүүлийн хоёр жилд тариачны тоо нэмэгдээд, мал, шувуу тэжээврийн тоо даанч их хорогдсон байдал гарч ирсэнд Иван Петрович тэр анхны мэдээг сонссон төдийхнөөр зогсоод цаашид намайг сонсохоо байж нэг мэдэхэд намайг өнөөх луйварчин даргад юм чандлан тулгаж нягтлан байцаасаар их л мухардуулж үг дуугүй болготол Иван Петрович, харин сандал дээрээ хурхиран бөх гэгчээр унтаж суух нь тэрээ. Түүнээс хойш би тэр хүний аж ахуйн хэрэгт оролцохоо байгаад тэнгэр бурхан мэдвэл мэдэгдээ гээд зоргонд нь тавьсан билээ.
Гэвч түүнээс болж бидний найртай харилцаа эвдэрсэнгүй. Учрыг хэлбэл миний бие, манай нийт залуу тайж нарт нэг адил байдаг, түүний сул назгайн гэмийг өрөвдөж Иван Петровичид үнэн сэтгэлээс дуртай байдаг билээ. Ерөөс ч тийм шударга номхон хүнийг өрөвдөн дурлахгүй нь аргагүй байж билээ. Иван Петрович ч бас намайг нас ахмад гэж хүндэтгэж, над үнэн сэтгэлтэй байдагсан. Бид хоёр зан авир, санаа байдал тэс ондоо боловч миний хонгор цагаан яриаг тэр хүн их л эрхэмд үзэж нас бартлаа бараг өдөр бүр надтай уулздаг байлаа.
Иван Петрович их л бор байдалтай, элдэв илүү ужиг зангүй, би ер түүний ам халамгай байхыг огт үзсэнгүй (Манай газар тийм хүн гэдэг бол гайхалт ховор юмны нэгдээ.) Эмэгтэйчүүдэд тун их дуртай боловч бас хүүхэн хүн шиг ичимтгий билээ.1
Таны захидалд дурдсан тэр хэдэн туужаас гадна Иван Петрович, бас өдий төдий тэмдэглэл үлдээсний зарим нь над бий. Заримы нь түүний нярав эмгэн гэрийн элдэв хэрэглэлд зарж үрэн таран хийж ээ. Жишээ нь, Ноднин жил байшингийнхаа хамаг цонхыг зохиож төгсөөгүй нэг романаар нь наачихсан байсан билээ. Нэр бүхий тууж нь тэр хүний анхны туршиц байсан бололтой. Иван Петровичийн ярихыг сонсвол тэр туужийн их төлөв нь үнэтэй болоод олон хүнээс сонссон гэнэ билээ.2
Гэвч туужийн дотор гардаг нэрийг бараг тэр хүн өөрөө зохиогоод, харин айл тосгоны нэрийг манай хавь нутгийн нэрээс хэрэглэжээ. Миний тосгоны нэр ч тэнд гардаг байх. Гэвч тэр нь муу санаагаар тэгсэн хэрэг биш, зохиох чадал мөхсөөс болсон хэрэг.
Иван Петрович 1828 оны намар салхинд цохиулж даарснаасаа болж халуурч өвдөөд, манай хушууны эмч, хэдийгээр ялангуяа эвэр ургах мэтийн архаг өвчинд сүрхий хүн боловч аргалж чадсангүй, нас барсан билээ. 30 насандаа миний гар дээр амьсгалаа хураагаад, Горюхин тосгоны сүмд эцэг эхийн яс оршуулсан газрын хавьд нутаглуулсан билээ.
Иван Петровичийн бие нуруу дунд зэрэг, нүд бор, үс шар, хамар шулуун, царай цагаан бөгөөд эцэнхэр ажээ.
За, эрхэм ноён минь, хөрш агсан найзын аж байдал эрхэлсэн ажил төрөл, зан авир, зүс царайн тухайн миний мэдэх юм иймэрхүү л байна даа. Хэрэв та миний энэ захидлаас өлгөж авах юм олбол миний нэрийг хэрхэвч битгий дурдаарай гэж гуйя. Учрыг хэлбэл би хэдийгээр зохиолч нарыг хүндэтгэж, дуртай байдаг боловч өөрийгөө зохиолч хэмээгдэж явахыг дэмий юм, миний өтөлсөн насанд ч зохимжгүй гэж үзэж байна.
Үнэн сэтгэлээсээ хүндэтгэн ёслох зэргийг гүйцэтгэгч

1830 оны 11 дүгээр сарын 16.

Баярлаж ханашгүйн тосгон (Ненарадов)-д байхдаа бичив гэжээ. Манай зохиогчийн хүндэт нөхрийн хүслийг дагах нь зүйтэй гэж бодоод, бидэнд мэдээ хүргэн ирүүлсэн тэр хүнд гүнээ баяр талархлыг илэрхийлэн, уншигч авгай нар, тэр мэдээ зүйлий нь үнэн цагаан сайхан сэтгэлээр бичсэнийг эрхэмлэн үзэх бол уу гэж горьдож байна.

А. П.



1 (Үүнд түүний явдлын тухай инээдэмтэй нэг үг бий боловч, тэр хошин үгийг бид үүнд оруулсангүй. Гэвч Иван Петрович Белкиний нэрд хор болох юм тэр хошин үгэнд байхгүй гэдгийг уншигч авгайн өмнө илэрхийлнэ).

2 Ноён Белкиний тэр туужийн эх бичгийг үзэхэд: тууж тутмын эхэнд нь тийм тийм хүнээс сонсов гэж нэр цолыг хүртэл зохиогч еөрийн гараар тэмдэглэн бичсэн зүйл бий. Сонирхон судлагчдын бахыг хангах гэж түүнийг сийрүүлбэл: Бошхыг цолт зөвлөх түшмэл А. Г. Н хэлж өгсөн байжээ. Буудалцсаныг дэд хурандаа И. Л. П авсчныг дэлгүүрийн худалдагч Б. В, шуурга, тариачин авгайг К. И. Т гэдэг хүүхэн хэлж өгсөн байжээ.




БУУДАЛЦСАН НЬ /
орос эх нь/


Бид буудалцлаа. Бартынский
Би түүнийг дуэлийн эрхээр буудаж алахыг андгайлав.
(Түүнийг дахин нэг удаа буудах ээлж над хоцров)
Үдшийн цаг, цэргийн буудал дээр


I
Бид тэр нэгэн газарханд оршин байв. Армийн офицерын явдлыг хэн бүхэн мэднэ. Өглөө номын сургууль хийж, дараагаар морин сургууль үйлдээд, хорооны даргынд буюу еврей нарын гуанзанд үдийн хоол иддэг. Үдэш, жимсэнд хандалсан дарс ууж, хөзөр нааддаг. Манай тэнд, оролтой айл огтгүй, залуу хүүхэн нэг ч үгүй. Тэгээд албан хувцаснаас өөр юу ч үл үзэгдэх тус тусын гэрт харилцан цуглардаг байлаа.
Бидний дунд энгийн хүн ганцхан байж билээ. Түүний нас 35 орчим тул бид түүнийг ахмад хүн гэж хүндэтгэн үздэг байв. Түүний хал үзсэн нь манийг бодвол их л илүү, хэвшсэн бодонгуйрал, хатуу сэтгэл, хортой хурц хэл бидний залуусын ухаанд хүчтэйгээр нөлөөлдөг байв. Ямар нэгэн нууц явдал түүний хувь зохиолыг хүрээлжээ. Орос хүн бололтой авч, гадаадын нэртэй урьд морин цэрэгт алба хааж, азтай хийморьтой явтлаа, албанаас огцорч, өчүүхэн гацаанд ядуулаг байдалтай, гарз сүйтгэл ихтэйгээр суудаг болсны шалтгааныг хэн ч мэдэхгүй байжээ. Элэгдсэн хар хүрэм өмсөж, ямагт явган явдаг мөртөө, манай хорооны офицер цугаарт ширээ засдаг байлаа. Хоол нь хэдийгээр халагдсан цэргийн үйлдсэн хоёр гуравхан зүйлийн төдий боловч харин шампан дарсыг мөрөн мэт бялхуулдаг байжээ. Түүний хөрөнгө чинээ, олз орлогыг хэн ч үл мэдэх ба хэн ч энэ тухай зориглож лавладаггүй билээ. Түүнд байгаа номын ихэнх нь цэргийн тухай, бас роман түүх бөгөөд бусдад түүнийгээ уншуулахаар өгөх дуртай боловч, гэдрэг ер нэхэмжлэхгүй билээ. Түүнчлэн бусдаас ном аваад ер буцааж өгдөггүй зантай хүн байжээ. Тэр хүн ихэвчлэн гар буугаар буудах сургууль хийж, тасалгааны туургыг сумаар сийчсэн нь зөгийн үүр сархинаг мэт болжээ. Суусан, муу шавар байшингийн ганц чимэг нь гэвэл өдий төдий гар буу цуглуулсан цуглуулга байжээ. Үүний буудахын цэцнийг өгүүлбэл үнэхээр итгэшгүй. Тэр хүн малгайн дээр зүрж тавьж буудъя гэвэл, за гэж толгойгоо тавьж өгөхөд манай хорооны хэн ч үл татгалзах байсан билээ. Бид буудалцах зуршлыг ямагт ярилцдагсан. Тэгэхэд Сильво (гэдэг тэр хүн) хөндлөнгөөс хүний ярианд ер оролцдоггүй, хүнтэй буудалцаж явсан уу? гэж асуухад дуртай дургүй цухас хариулах авч чухам нарийныг илчлэхгүй, үзтэл тийм яриа, асуудалд их аягүй байдаг байдалтай билээ. Аюултай цэцэн бууддагаараа ямар нэг золгүй хөнөөл хайргүйгээр үйлдсэн нь түүний сэтгэлд байгаа биз гэж бид боддогоос гадна, түүнийг аймтгай мохдог гэмээр ямар нэг сэжиглэл манай сэтгэлд төрсөнгүй. Ерөөс ганцхан гадаад байдлаар ч гэсэн, тийм сэжиглэлийг зайлуулах хүн байдаг шүү дээ. Гэтэл санамсаргүй гарсан нэг тохиолыг бид цугаараа гайхсан билээ. Нэгэн цагт бидний арваад офицер хүн Сильвогийн гэрт хоол идэж, архи уудаг ёсоороо буюу үлэмж ихээр уугаад хоолны хойно гэрийн эзнийг хөзөрдье гэж шалсанд тэр хүн бараг нааддаггүй учир үгүй гэж удтал маргасан авч эцэст хөзөрдөхийг зөвшөөрөн, ширээн дээр тавин цаас гарган хаяж хөзрийг гаргуулан аваад хуваахаар суув. Бид түүнийг тойрон наадаж эхлэв. Сильво наадахдаа дууг бүрмөсөн хураадаг зантай, марган хэрэлдэх, тайлбарлан ярилцах гэж ергүй. Хөзөр татагчид хонжсон мөнгийг дутуу авбал, даруй үлдэгдлийг нөхөн төлж өгөх буюу тусгайлан тэмдэглэнэ. Түүнийг бид нэгэнт мэдэх учир дураараа аашлахад хөндөлдсөнгүй. Харин саяхан бидэн дээр шилжиж ирсэн нэг офицер байв. Тэр хүн самуурч илүү өнцгийг тоолсонд Сильво цэрд авч өөрийн заншлаар дансыг тэгшитгэв. Тэр офицер, Сильвоог эндэв гэж тайлбарлан хэлэлцэвч цаадахь нь дуугүйгээр хөзрийг хувааж л байв. Тэр офицер унтууцаад дэмий тэмдэглэн бичсэн гэж бодсоноо сойз авч арчсанд Сильво цэрд авч бас дахин тэмдэглэв. Архи, тоглоом, нөхдийнхөө инээдэмд халамцсан тэр офицер биеэ ихэд доромжлуулав гэж бодоод агсамнахдаа ширээн дээрээс лааны гуулин суурийг шүүрэн авч Сильвоог шидсэнд тэр завдан бөхийснөөр арайхан эс цохигджээ. Үүнээс бид бүгдээр сандраад Сильво босож, уурласандаа зэвхий цагаан царай гарган нүдээ гялалзуулж, «Ийм юм манайд болсон нь тэнгэр таныг ивээжээ. Эрхэм ноён та зайл» гэв.
Үүнээс юу болохыг бид дамжиггүй мэдээд шинэ нөхөр нэгэнт алагдав гэж санав. Банк баригч ноён та доромжлогдсон гэж үзвэл аль таалалтайгаар хариулахад, миний бие бэлхэн гэж тэр офицер өчиж билээ. Тэгээд бид хэдэн минут тоглосон авч гэрийн эзэн ер наадах байдалгүй болсныг мэдээд, хойно хойноосоо цувран гарч, нэг хүний орон тоо хурдан гарах нь гэж ярилцсаар гэр гэртээ тарцгааж билээ.
Маргааш нь морин сургууль хийж байхад хөөрхий ахлах дэслэгч маань амьд байна уу даа гэж байтал, тэр маань хүрч ирээд чи амьд уу? гэж өөрөөс нь асуутал Сильвоогоос ямар ч мэдээ сураггүй гэж хэлэв. Бид гайхаж Сильвогийн гэрээр очвол хашаан дотроо, хаалган дээрээ хөзрийн тамгыг нааж буудсан сумны нүх уруу сум тоолон буудаж байв. Манийг хуучин янзаараа талархан оруулаад өчигдрийн хэргийг огт дурдсангүй. Тэгсээр бас гурав хонов. Ахлах дэслэгч маань амьд хэвээр байв. Бид гайхахдаа Сильвоог түүнтэй үзэлцэхгүй нь үү дээ гэж бие биеэсээ асуулцаж байтал Сильво ер тулалцсангүй. Харин ч тэр офицерийн хэдэн үгээр учирлан хэлснийг сонсож сэтгэл нь ханаж тайтгарсан билээ.
Тэр нь залуусын сэтгэлд түүний биеийг хүнд муутай болгожээ. Залуус, баатарлаг зоригтойг хүний нэр хүндийн дээд туйл гэж бодож гэмтэй сэвийг түүгээр уучлан тайлдаг болоод зориг дутууг ер уучлан үл үзнэ. Гэвч тэг тэгсээр тэр хэрэг мартагдаж Сильво хуучин эрхшээлийг дахин олж авсан билээ.
Ганц би түүнтэй дотнолж чадахгүй болов. Би төрөлхийн романтик сэтгэлтэй болохоор үүний урьд оньсого мэт явдалтай, ямар нэгэн нууц хэргийн манлайлагч бололтой энэ хүнд юу юунаас илүүгээр татагдан явсан билээ. Тэр надад их л амрагласан нь мөн ч надтай хэлэлцэхдээ хортой хагарал үгээ ер гаргадаггүй. Зүйл зүйлийн юмыг ер бишийн сайхнаар ярьдагсан. Гэтэл мөнөөх золгүй үдшээс хойш түүний сүр туяа нь будангуйраад түүний муугаас болж, эс угаагджээ гэдэг санаа намайг үл орхих тул түүнтэй урьд адил харилцахад тотгор болж, түүний харахдаа би таатай биш байв. Сильво нэн ч ухаантай, олныг үзсэн хүн тул миний санаж байгааг ажиглахгүй мөн түүний шалтгааныг мэдэхгүй байж чадсангүй. Тэгээд, түүнээс болж сэтгэл нь гомдсон бололтой, надтай учрыг тайлбарлан хэлэлцсүгэй гэдэг эрмэлзэл бийг би мөн ч хоёр удаа ажиг авсан авч миний бие түүнээс зайлсхийснээр Сильво ч надаас холдов. Цаашид Сильвотой зөвхөн нөхдийн дэргэд уулзаж байх болоод, бид хоёрын урьдын эрээгүй яриа тасарсан билээ.
Нийслэлийн сэтгэл алмайрсан хүн, бяцхан хот, гацаа хүн хүний сонирхох болсон зүйлийг мэдэхгүй. Жишээлбэл шуудан ирэх өдрийг хүлээхийг өгүүлбэл, ангараг, сугар гаригт манай хорооны бичгийн газар офицер дүүрэн цугларч, зарим нь мөнгө, зарим нь захиа, зарим нь сонин бичгийг хүлээнэ. Дугтуйг дандаа тэр дор нь задалж сониныг хүүрнэлдэх нь бичгийн газрыг нэн ч хөгжилтэй болгоно. Сильво, манай хорооны нэр дээр захиа хүлээн авдаг тул мөн л тэнд байлцана. Түүнээс нэг өдөр Сильво нэг дугтуйтай захиаг хүлээн авмагц, туйлын хүлээж ядсан байдлаар битүүмжийг яаран урж задлав. Тэр захиаг уншихад нүд нь гялбалзан гятлганана. Офицерууд тус тусын захиаг унших тул түүнийг анхаарсангүй. Гэтэл Сильво тэдний зүг «Эрхэмүүдээ! Миний бие нэн даруй явах учир тохиолдсон тул энэ шөнө мордоно. Та нар манайд сүүлийн удаа хоол идэхийг татгалзахгүй биз гэж найдна» гэж дахин дахин хэлээд, миний зүг хандаж «Та заавал ирээрэй» гээд яаран гарав. Бид цугларахаар хэлэлцээд тус тусын зүгт явцгааж билээ.
Сильвогийн гэрт тогтсон цагтаа хүрч очвол манай хорооныхон бараг бүгдээр байв. Сильво хамаг хогшил зүйлээ нэгэнт хурааж засаад багласан нь гагцхүү буугийн суманд цоочигдсон нүцгэн туурга үлджээ. Бид зассан ширээг тойрон суугаад гэрийн эзэн нэн их хөгжөөнтэй байсан нь бидэнд даруй халдварлан шилжжээ. Лонхны бөглөө минут бүр пид хийж үсрээд, шил хундганд хөөс зогсолтгүй шуугив. Бид бүгдээр, явах хүнийг замдаа сайн сайхан явж хүрсүгэй гэж элдэв зүйлийн өлзийтэй үгсийг хэлж ерөөл тавив. Нэгэнт үдэш орой болсон тул ширээний дэргэдээс босож малгайгаа авах тухайд Сильво цугаартай салалцахын мэндийг солилцохын үес хараахан үүд гарахын сацуу миний гараас барьж зогсоод «тантай ярих хэрэг байна» гэж сэм хэлсэнд би хоцров.
Зочид явж бид хоёр үлдээд, бие биеийн эсрэг хандан сууж, дув дуугүй ганстай тамхиа татлаа. Сильво их л зовнисон ажээ. Түүний даажигнах мэт хөгжөөнтэй байдлын ор мөр ч эс үлджээ. Түүний будангуй цонхигор царай, гялтганасан нүд, бас амнаасаа гаргаж байгаа утааг үзвэл жинхэнэ шулмасын дүртэй ажээ, Хэдэн минут өнгөрсний дараа Сильво дуу гарч «Бид хоёр дахин огт уулзахгүй байж ч болно. Салахын өмнө би танд тайлбар үг ярихыг хүссэн билээ. Намайг бусдын саналыг төдий л хүндэтгэдэггүй гэж та ажигласан байж болно. Гэвч би танд хайртай учир таны сэтгэлийн дотор шударга бус сэтгэгдэл орхиход төвдөхгүй» гэлээ.
Тэгээд ярихаа зогсож гансандаа тамхи хийв. Би нүдээ доош хандуулж дуугүй суув. Тэгээд, Сильво бас цааш өгүүлэх нь:
«Тэр согтуурсан галзуу Р-ээс хариу эс авсанд та их гайхсан биз. Зэвсгийг сонгох эрхтэй учир түүний амь миний гарт байсан юм. Харин миний аминд ямар ч аюулгүй байсныг та мэднэ. Би өөрийн энэрэнгүй сэтгэлээр тэгсэн гэж болох боловч, худал хэлэхийг дурлахгүй. Би өөрийн аминд огт аюулгүйгээр Р-ийг шийтгэж чадах байсан бол түүнийг яавч уучилж чадахгүй байсан билээ» гэхэд би гайхсан маягтайгаар Сильвоог харав.
Тэгж үнэн үгээ хэлсэн нь над эвгүй болов. Цааш нь Сильвоо үргэлжлэн хэлсэн нь:
«Мөн. Тийм. Би өөрийгөө үхэх аюулд оруулах эрхгүй байсан. Зургаан жилийн өмнө би хацраа алгадуулсан авч миний дайсан одоо амьд байна» гэв.
Үүнээс миний сонирхол туйлдаа хүрч түүнээс асуусан нь «Та түүнтэй тулалцаагүй юу? Лав нэг учир шалтгаанаар салж явсан биз» гэвэл түүний хариулах нь: «Би түүнтэй тулалцсан. Бид хоёрын халз тулааны дурсгал энэ байна» гээд босож нэг цаасан хайрцгаас алтан цацагтай, хошоотой улаан малгай (франц нар энэ малгайг Bonnet de police буюу цагдаа малгай гэж нэрлэнэ) гаргаж өмсөв. Тэр малгай нь магнайнаас дээш хоёр ямх зайтай буугийн суманд цөм цохиулсан ажээ.
Түүнээс Сильвогийн ярих нь: «Би... дугаар морин цэргийн хороонд алба хааж байсныг та мэднэ. Миний зан аашийг та мөн мэднэ. Би тэргүүнд манлайлан явж сурсан хүн. Залуудаа би түүнийг бахдал болгодог байлаа. Бидний үед дүрсгүй загнахыг хавтай хэрэг болгодог байлаа. Би цэргийн дотор хамгийн дүрсгүй нь байсан. Бид архи уухаар гайхуулж, Денис Давыдовын магтсан сайн эр Бурцовоос1 илүү уудагсан. Манай хороонд халз тулаан минут бүр тохиолдоно. Би тэр бүрд гэрчээр буюу биеэр оролцож байсан билээ. Нөхөд над хайртай, харин ямагт солигдон агч хорооны дарга нар намайг өөдөлшгүй этгээд гэж үздэгсэн.
Би тайван (буюу тайван бус)-аар алдар цуудаа эрэмшиж явлаа. Гэтэл манай хороонд баян сурвалжит гэрийн нэг залуухан хүн (түүний нэрийг хэлэхийг үл хүснэ) орж ирэв. Би төрснөөс хойш тийм заяатай сайхан хүнтэй тохиолдсонгүй билээ. Түүний бие нас залуу, ухаан сэргэлэн, өнгө үзэсгэлэн, галзуу мэт хөгжөөнтэй, зориг чанга, ямар ч зүйлд сэтгэл үл зовних агаад алдар нэр дуурьсалтай, тоглож мэдэхгүй болоод, хэзээ ч үл дуусах мөнгө хөрөнгө бүрэн төгөлдөр байгаа нь бидний дунд ямар байдалтай болохыг та санаандаа бодож үз. Түүнээс болж миний манлайлан тэргүүлэх байдал гуйвахад хүрэв. Миний нэр алдрыг сонсоод тэр, надтай нөхөрлөхийг нэг удаа эрсэн боловч би түүнийг хүйтнээр угтсан тул түүний бие ер гашуудсангүй надаас холдлоо. Би түүнийг дайсан мэт үзэх болов. Түүний амжилт тус хороонд мөн нийт эмэгтэйчүүдийн дунд үлэмжхэн болох тутам миний сэтгэл их эвдэрч би түүнтэй хэрүүлийг эрэлхийлэх болов. Миний хэлсэн шог шүлэгний хариуд тэр түүнээс улам хурц шог шүлэг дор нь зохион хэлдэг байв. Түүний шог шүлэг зугаатай миний үг хорсолтой байжээ. Эцэст нэг өдөр Польшийн газрын эзний гэрт найр хурим болж байхад бүх эмэгтэйчүүд тэр залууд анхаарал тавьж, ялангуяа надтай холбоотой байсан гэрийн эзэгтэй, түүнийг их л сонирхож байхыг үзээд тэр хүний чихэнд нэг бүдүүлэг үг хэлсэнд тэр ихээхэн уурсаж намайг алгадав. Бид хоёр харайн сэлэмдээ хүрэлцэхийн хамт эмэгтэйчүүд муужран унацгаав. Хүн, бид хоёрыг, барьж салгаад мөн шөнө бид хоёр ч тулалцахаар явсан билээ.
Хараахан үүр гийхийн үес би өөрийн гэрч гурван хүний хамт хэлэлцэж тогтсон газар зогсоод өөрийн дайсан этгээдийг байж ядан хүлээлээ. Хаврын наран мандаж дулаарч эхлэв. Тэр хүнийг холоос үзвэл цэргийн хувцас, сэлэмтэй, явган явж, гэрч нэг хүний хамт айсуй. Бид түүнийг угтаж очив. Тэр хүн малгайдаа дүүрэн чий жимс хийж, гартаа бариад ойртож ирэв. Гэрч нар арван хоёр алхам газар хэмжив. Нэн тэргүүнээ буудах ёстой байсан авч би их уурлаж сэтгэл тогтворгүй байсан учир бууг гартаа зөв барьж чадахыг үл итгэн сэтгэлээ бага зэрэг тогтоохын тул анх буудах эрхээ түүнд шилжүүлэх гэсэнд тэр маань үл зөвшөөрөв. Бид сугалаа хийхээр шийдвэрлэж шоодсонд нэгдүгээр нь үргэлж заяатай болох түүнд таарав. Тэр шагайгаад буудахдаа миний малгайг нэвт буудав. Миний буудах ээлж болов. Түүний амь сая миний гарт оржээ. Би түүнийг ширтэн харж зовнисон сандарсаны ул мөр үзэгдэх бол уу гэж ажиглавал тэр гар буугийн аманд зогсож, малгайнаасаа боловсорсон жимсийг сонгон авч идээд ясы нь миний дэргэд хүртэл тургиж байв. Түүнийг тийнхүү тайван байхыг үзээд би галзуурсан мэт уурлав. Түүнийг амиа огт хайрлахгүй байхад би түүний амийг бусниулахад ямар ашиг байх вэ? гэж бодоод буугаа доош тавьж «Та одоо үхэх чөлөөгүй мэт байна уу? Та өглөөнийхөө хоолыг идэж байгаа тул би саад хийхийг үл хүснэ» гэвэл: «Та над ер саад хийсэн зүйлгүй. Буудаж хайрлана уу. Гэвч та өөрийн тааламжаар бологтун. Танай буудах эрх танд үлдэнэ. Би хэзээ ч бэлхэн байна» гэв. Би гэрч нарын зүг хандаж одоо би буудахыг үл хүснэ гэсэн тул бид хоёрын тулалдаан түүгээр төгсжээ.
Тэгээд би албанаас халагдаж энэ газар зайлан ирээд өшөөгөө авахыг үл бодсон өдөр одоо хүртэл над нэг ч үгүй билээ. Одоо цаг нь болов гээд, Сильво өврөөсөө өглөө хүлээж авсан захидлаа гаргаж, над уншуулахаар өгөв. Москвагаас нэг хүн (түүний хэргийг эрхлэх төлөөлөгч мэт)-ээс бичсэн нь: «Мэдээ бүхий этгээд залуу сайхан охиныг даруй эхнэр болгож авна» гэжээ.
Сильво «Энэ мэдээ бүхий этгээд хэн болохыг та мэдэж байгаа байх. Би Москва орно. Гэрлэх хуримныхаа өмнө үхэхийнхээ урьд жимс идэж байсантайгаа адил сандрахгүй тайван хүлээх эсэхийг нь үзье» гээд босож малгайгаа шалан дээр хаяад тасалгааны дунд сараалжны дотор яваа барс мэт нааш цаашаа алхлав. Би ер хөдлөлгүй сууж түүний хэлснийг сонсоход жигтэйхэн олон янзын харилцан адил биш зүйл сэтгэлийг долгилуулж байв.
Зарц хүн ирж морь бэлхэн болов гэсэнд Сильво, миний гарыг чанга барьж бид харилцан үнсэлцэв. Тэр тэргэнд суусан бөгөөд мөн тэргэн дээр хоёр замдаан2 хайрцаг байсны нэгэнд олон гар буу, нөгөөд хогшлоо агуулсан ажээ. Бид салахын мэндийг дахин гүйцэтгэмэгц морьд нь харайлган одов.



II
Түүнээс хойш хэдэн жил өнгөрөв. Миний бие гэрийн байдлыг аргагүй дагаж Н... гэдэг хошуун дахь нэг муу гацаанд шилжин суув. Би гэрийн аж ахуйгаар оролдовч өөрийн урьдын үймээнтэй бөгөөд санах бодох юмгүй явсныг сэмхнээ санаа алдан бодсоор байв. Хаврын ба ялангуяа өвлийн үдшийг ганцаараа өнгөрүүлэн идээших нь над хамгийн бэрхтэй байсан билээ. Тосгоны даргатай ярилцах буюу ажилд мордон явах, эсвэл шинэ барилгыг эргэж тойрон үзэх зэргээр ингэс тэнгэс хийж үдийн хоолны цагийг арай хүргэх боловч бүрий барий болохын цаг би хайшаа яахаа огт үл мэднэ. Шүүгээний дотор, тавиур дээрх цөөн номыг чээжээр мэдэх болов. Гэрийн түлхүүр баригч нярав эмгэн Кириловна мэддэг бүхий л явган үлгэрээ хэлж гүйцээд хөдөөний эхнэрийн дуулах нь миний уйтгарыг хөдөлгөдөг байв. Амталсан жимсний архийг уувал толгой өвдөнө. Бас ч өөрийн биеийг уйдаж гашуудахын эцэст адгийн муу архич болох бий дээ гэж болгоомжлов. Тийм архичийг би харьяат хошуундаа олныг үзсэн билээ. Манай ойр хавьд ярианы ихэнх нь зогисох, санаа алдах хоёроос өөр юмгүй, хоёр гурван тийм архичийнхээс бус айлгүй билээ. Тиймийн тул ганцаараа байсан маань дээр байлаа.
Манай тэндээс дөрөвний газар Б... гүнгийн хатны баялаг эдэлхүүн газар бий боловч, тэнд гагцхүү гэрийн дарга сууна. Гүнгийн хатан... өөрийн газар тариаланг үзэхээр айлчлан ирсэн нь зөвхөн нэг удаа анх эрд гарахын жилд бөгөөд тэгээд мөнхүү газар нэг сараас илүүгүй суусан юм. Гэтэл миний бие шилжин ирж суусан эсэргэн хавар сонсвол гүнгийн хатан нөхрийнхөө хамт зуны улиралд гацаанд ирнэ гэж ярилцав. Үнэхээр ч тэд зургадугаар сарын эхээр ирэв.
Баян айл хөршийн ирэх нь гацаанд суугчдад их эрхэм цаг буюу газрын эзэд тэдэнд зарагдах хүмүүс энэ тухай хоёр сарын урьдаас ярилцаж гурван жил өнгөртөл үргэлжлэн хүүрнэлдэв. Залуу сайхан хөрш эмэгтэй ирнэ гэдэг мэдээ сонсоод би үнэндээ их л сонирхож, тэднийг үзэхийг нэн ч хүлээн ядсаар, ирсний нь дараахи сайн өдөр үдийн хоолны хойно тэр тосгоньг зүг мордож тэдний айл саахалт суугаа хөрш бөгөөд бүхий л эрхийн дор зарагдах зардас болж гэгээн царайтай танилцаар ирлээ гэж уулзахаар очив. Зарц нь намайг гүнгийн өргөөний нэг тасалгаанд удирдан оруулаад миний тухай сонсгохоор очив. Тэр уужим сайхан тасалгааны байдлыг үзвэл аль болох зүйл бүрийн ганган хээнцэр эдлэлээр гоёмсоглон чимжээ. Туурганы тус ном, дэвтэр өрсөн шүүгээ байж, тус бүрийн дээр хүрлээр үйлдсэн чээж хөргийг тавьжээ. Гантиг зуухан дээр том толь байна. Шалыг ногоон цэмбээр хучиж хивс дэвсжээ. Би өөрийн муу гэрийн мухарт сууж, гоё ганган хээнцэр зүйлээс төсөөрөөд бусдын баялгийг хэдий нь үзсэнгүй билээ. Түүнээс миний бие хиртхийн гүнгийн биеийг хүлцэн хүлээх нь даруй хөдөөний хэрэг гуйгч сайдын ирэхийг хүлээхтэй адил. Хаалга нээгдмэгц гучин хоёр насны орчим овортой үзэсгэлэн жавхлан төгөлдөр нэг эр орж ирэв. Гүнтэн надтай хөнгөмсөг бөгөөд найртайгаар учрав. Би зүрх орохыг чармайж урьдаар биеэ таниулахыг хичээсэн авч тэр надаас өрсөв. Харилцан суусны хойно түүний ярих нь эрээгүй болоод эетэй болохуйяа зэрлэгшсэн бишүүрхүү минь төдөлгүй арилж өөрийн байдал ерийн янзанд орж байтал гэнэт гүнгийн хатан орж ирэхэд, харин урьдынхаас улам илүү сэтгэл хямарна. Үнэхээр үзэсгэлэнтэй гуа хатан ажээ. Гүн намайг танилцуулсанд тавиун байхыг хүссэн минь биеэ албадсангүй байдлыг гаргахыг хичээх тутам улам аягүй болсонд над биеэ сэргээн засах чөлөө олгож шинэ танилцсан улстай дасгахын зав өгөх гэж тэр хоёр хоорондоо ярилцан айлын сайн танил хүний адил үзэж ямар ч эрээгүй байв. Тэр завсар би хойш урагш сэлгүүцэн явж ном зургийг үзэв. Зургийг би үл мэдэх авч нэг зураг миний анхаарлыг татав. Тэр зураг Швейцарь орны ямар нэг үзэгдлийг үзүүлжээ. Би түүний сайхан урлагийг гайхсан нь бус харин тэр зураг бие бие дээр туссан хоёр сумны ортойг гайхав. Түүнээс би «Энэ юутай сайн буудсан юм бэ?» гэж гүнгийн зүг эргэн харж хэлэхэд «Тийм ээ!» гээд хариу хэлэх нь «үүнийг маш гайхамшигтай бууч бууджээ. Харин та сайн бууддаг уу?» гэхэд нь би яван явсаар өөрийн төсөөлөх зүйлийг ярьсанд баярлахдаа «зүгээр» гэж хариулаад бас «занг мэдах гар буугаар гучин алхам газраас хөзөр дээр алдахгүй байхаа» гэсэнд гүнгийн хатан их л анхааралтай байдлаар «Нээрээ юү?» гээд «миний нөхөр харин чи гучин алхам газраас хөзрийг онох уу?» гэхэд гүн «нэг цагт» гээд хэлэх нь: «Би үзнэ ээ, би ч мөн буудахдаа тийм муугүй буудаж явсан юмсан. Гэвч гар буу барилгүй дөрвөн жил боллоо» гэсэнд би «Ай, тийм бол гүн еэ хорин алхам газраас хөзөр үл ононо» гэж мүрийцвэл болно. Юу гэвэл гар буу бол өдөр бүр буудах сургууль хийж байхгүй бол болдоггүй юм. Үүнийг би туршлагаар олж мэдсэн хэрэг. Би хороондоо сайн буудагчийн нэг гэгдэж явлаа. Нэгэн удаа буугаа засуулж би бүхэл сар гар буу барьсангүй. Тэгээд эрхэм та юу гэж бодно. Би дахин буудаж эхлэхдээ хорин таван алхам газраас лонх буудахдаа дараа дараагаар анх дөрөв алдсан билээ. Миний дэргэд байсан алиа, хэлэмгий нэг сумангийн дарга «дүү минь, архины лонхонд аймшиггүй халдаж чадахгүй байна уу» гэж билээ. Ер буудах сургууль тасалдуулбал буудаж чадахаа байчдаг юм билээ. Миний олж тохиолдсон хамгийн сайн нэг бууч өдөр бүр хоолны өмнө цөөндөө гурван удаа бууддаг байсан. Тэгж буудахаа тэр хүн хундага архи мэт ёсчлон гүйцэтгэдэг байсан» гэж ярихад гүн, хатан хоёр намайг яриатай болов гэж их л баясав.
Гүн надаас «тэр хүн аль зэрэг бууддаг байсан бэ?» гэж асуув. «Ай түүнийг хэлбэл туурган дээр ялаа суухыг үзмэгц, хатан та мишээж байна уу? Тэнгэр минь, түмэн үнэн. Ялаа үзмэгц Кузькийг гар буу аваад өг гэж хашгирдаг байжээ. Кузька түүнд цэнэглэсэн гар буу авчирч өгмөгц пас хийлгэн ялааг туурганд шигтгэдэг байлаа» гэж ярихад гүн «Энэ үнэхээр гайхалтай. Тэр чухам хэн гэгч вэ?» гэхэд нь би Сильво гэдэг хүн байсан гэхэд гүн «Сильвоо» гээд дуу алдаж суудлаасаа шилжин «Та Сильвоог таних уу?» гэж асуухад би «Гүн еэ, би танилгүй яах вэ. Бид түүнтэй их л дотно байсан. Тэр манай хорооныхонтой ах дүү, нөхөр ханийн адил байсан хүн. Нэгэнт мэдээ сураггүй болсоор одоо таван жил болж байна. Харин, гүн еэ түүнийг таних уу?» гэсэнд гүн «танина. Сайн танина. Тэр та нарт нэг хачин явдлыг ярьсангүй юу?» гэхэд нь би «Тэр, нэг найр дээр ямар нэг балмад хүнд алгадуулсан явдал биш үү?» гэвэл гүн «Тэр хүн тэр балмадын нэрийг танд хэлсэн үү?» гэж асуув. Би «Үгүй, хэлсэнгүй» гээд учрыг нэгэнт мэдээд «өршөөнө үү би мэдсэнгүй... Тэр хүн харин гүн еэ та биш биз дээ?..» гэвэл гүн «Би мөн» гэж сэтгэл машид догдолсон байдлаар хэлэх нь «буудуулсан зураг бол бид хоёрын сүүлчийн учралтын дурсгал юм» гэтэл гүнгийн хатан «Тэнгэр өршөө. Түүнийг бүү яригтун. Би сонсохоос айж байна» гэсэнд гүн «үгүй би ярьж өгье. Энэ хүний нөхрийг хэрхэн хорсгосныг энэ хүн мэдэг. Бас Сильво надаас яаж өшөөгөө авсныг мөн мэдэг» гээд сандлыг ойртуулсанд би тавтайгаар сууж доорхи өгүүллийг талархан сонсов.
Гүнгийн хэлэх нь «таван жилийн өмнө би эхнэр авлаа. The honey moon (балт сар) гэгч анх сард би энэ гацаанд, энд суулаа. Энэ гэрт би нэг насны хамгийн жаргалтай цаг ба олноос онц туйлын шаналгыг үзсэн билээ.
Нэг үдэш бид морь унаж зугаацаж билээ. Эхнэрийн морь эрхчихсэнд айн над цулбуураа өгч хөтөлгөн өөрөө гэрийн зүг явган одов. Би урьдаар хүрвэл манай хаалганы тус аяны тэрэг харагдав. Сонсвол миний тасалгаанд нэг хүн намайг хүлээх бөгөөд нэрээ үл хэлэх боловч зөндөө намайг хүлээж, уулзах хэрэг бий гэнэ.
Би мөн тасалгаанд орвол бүрэг баргийн дотор тоосонд дарагдсан сахал үс нь ургасан тийм нэг хүн зуухны дэргэд зогсон байгаа үзэгдэнэ. Би түүнд ойртон очиж царай зүсий нь танихыг хичээлээ. Гэтэл тэр хүн чичирсэн хоолойгоор гүнтэн намайг танихгүй байна уу? гэв. Би Сильво гэж дуу алдаж учрыг мэдмэгц гэнэт үс минь арзайх мэт болохын зэрэгцээ тэр хүн, буудах ээлж над хоцорсон биш үү? одоо би өөрийн удтал хүлээсэн гар буугийн цэнэгийг гаргахаар ирлээ. Чи бэлхэн байна уу? гэв. Гар буу нь түүний хажуугийн халааснаас цухуйж байлаа. Даруй би арван хоёр алхам газар хэмжээд тэр буланд зогсож эхнэрийг эгж ирэхийн өмнө хурдан буудахыг гуйлаа. Тэр алгуурлана. Бас гал гэнэ. Лаа өгөв. Би хэн хүн орж ирэн хориглуулахгүйн тул үүдийг хаагаад буудахыг дахин гуйв. Тэр хүн гар бууг сугалан авч шагайв. Би секунтийг тоолон... Би эхнэрээ бодлоо... Минут шаналгаатайгаар өнгөрөв. Сильво гарыг буулгаж хэлэх нь гар бууг чий жимсний ясаар цэнэглэсэнгүй минь тоогүй. Сум хүнд биш үү. Бид энэ халз тулаан хараахан биш. Харин аллага шиг санагдана. Би буугүй хүний зүг буу шагайж ер заншсангүй. Дахин шинээр эхэлье. Сугалаа олсон нь анх буудъя гэв. Миний толгой эргэж, зөвшөөрсөнгүй бололтой. Эцэст бид хоёр гар бууг бас цэнэглэж хоёр тэмдэгт цаас хуйлан урьд над цоо буудуулсан малгай дотор нь агуулан сугалахад түрүүлж буудахыг би сугалжээ.
Сильво, хэзээд марташгүйгээр инээн гүн чи шулмын азтай юм гэв. Тэр цагт яаснаа би мэдэхгүй. Яаж тэр намайг тэгүүлснийг мэдэхгүй. Аргагүй буудсан минь, энэ зураг дээр тусав. (Энэ үед гүн цоо буудсан зураг өөд, хуруугаараа заан нүур нь час улайжээ. Хатны царай алчуураасаа цайвтар зэвхий болжээ. Би бас тэсгэлгүй дуу алдав.)
Гүнгийн үргэлжлэн ярих нь, тэнгэр өршөөж би буудаад алдсан билээ. (Тэр үед Сильвогийн байдал үнэхээр хиртхиймээр байж) над уруу бууг шагайв. Гэнэт хаалга нээгдэж Маша орж ирээд уйлан орилон намайг хүзүүдэн унав. Түүний ирэхэд миний хамаг зориг орж «амраг хонгор хүү минь бид хоёрын тоглож байгааг чи мэдэхгүй байна уу? Юунд ингэж айв. Чи! Гарч нэг шаазан ус уугаад бидэн дээр орж ир. Би чамайг хуучин сайн нөхөртэйгөө танилцуулна» гэтэл Маша, бас ч хараахан итгэхгүй «миний нөхрийн хэлж байгаа үнэн үү?» гэж аймшигт Сильвогийн зүг харж, «та хоёр тоглож байгаа үнэн үү?» гэж лавлан асуухад «Сильво, «хатаан, энэ хүн ямагт надаар тоглож байдаг юмаа. Нэг удаа намайг алгадаж тоглосон. Бас миний малгайг цоо буудаж тоглосон. Сая намайг буудаж алдан тоглов. Одоо миний ч тоглох дур хүрч байна» гэж түүний дэргэд намайг буудахаар шагайв. Маша түүний хөлийн өмнө мөргөн унав. Би «Маша бос! Яасан ичгүүртэй юм бэ?» гэж галзуу мэт хашгиран Сильвогийн зүг «эрхэм та харин хөөрхий эмэгтэйгээр наадам болгохоо татна уу? Та буудна уу? Үгүй юу?» гэсэнд Сильво, «би буудахгүй. Үүгээр ханав. Би, чиний сандарсан айсныг үзлээ. Чамаар өөрийгөө буудуулж үзлээ. Үүгээр би ханалаа. Чи намайг дурсаж байгаарай. Чиний биеийг гэмших сэтгэлд чинь тушаасугай» гээд гарч одтол хаалганы тус зогсож миний буудсан зураг тийш эргэн хармагц бараг шагайлгүйгээр түүнийг буудаад алга болов. Эхнэр муужирч унаад гэрийн олон, Сильвоог аймшиггүй тогтоон халдахгүй гагцхүү имээх ажээ. Тэр хүн гадна саравчнаа гарч улаачийг дуудан, намайг ухаан орохоос өмнө явчихжээ» гээд гүн дуугүй болов. Анхандаа ихэд гайхаж байсан үлгэрийн эцсийг би ингэж олж сонслоо. Түүний хөлөг сайн эртэй би дахин учирсангүй. Сонсвол Сильво Александр Ипсилантийн самууны үед этерийн3 баг цэргийг удирдан яваад, Скуляний байлдаанд4 алагдсан гэнэ билээ.


Тайлбар
1 Владимир Петрович Бурцов бол тэр цагийн нэрд гарсан зугаа цэнгэл хөөцөлдөгч морин цэргийн хүн, түүнийг Денис Давыдов 1804 онд бичсэн шүлэгтээ тод дүрсэлсэн байдаг.
2 Орос хэлэнд чемодан гэдгийг монгол хэлэнд эртнээс замдаан гэдэг байжээ (орчуулагчийн тайлбар)
3 Молдав, Валахи ба Море нутагт 1821 онд түрэгийн эерэг гарсан бослогыг удирдан байсан грекийн үндэсний хувьсгалт байгууллагад оролцогсод
4 1821 оны 6-р сарын 17-нд энэ тулалдаан болжээ.



4 comments:

  1. Их хөдөлмөр гаргажээ төв номын сангийн номын жагсаалтанд үнэхээр ховор агуулга сайтай дахиж хэвлэгдэхгүй монгол номнууд зөндөө байдаг юм билээ

    ReplyDelete
  2. Баярлалаа. Надаас нэг их хөдөлмөр ороогүй ээ. Сканердсан зурагаа фонт хөрвүүлэгчээр хөрвүүлээд л болчихсон. Жижиг сажиг засвар хийсэн.. Тэр сайхан номнуудыг электрон хэлбэрт оруулаад архивлаад авчихвал мөн ч их буян болно доо. Хэн нэгэн хүн нь тийм төсөл хийхгүй юм байх даа.

    ReplyDelete
  3. энэ их урт юмыг хураах гэсэн болдоггүй ямар балай юм бэ. Блогспотийн бас нэг дутагдал.

    ReplyDelete
  4. ямар гоё юм бэ?! 1976 онд хэвлэгдсэн эхний ботийг нь олж авах юмсан Надад 1978 онд хэвлэгдсэн өгүүллэг тууж нь байгаа миний хайртай ном.

    ReplyDelete