Tuesday, February 24, 2009

news point mn- ees

Уг хуудсын Монгол улсын өдөр тутмын гол мэдээллийг өгч байгаа томоохон эх үүсвэр гэж ойлгодог билээ. надтай адил бодолтой олон хүмүүс байдаг байх гэж бас бодддог. Одоохондоо Монгол улсынхаа тухай мэдээлэлийг авч байгаа гол эх сурвалжуудын нэг учраас энд байгаа нийтлэлийг нилээд бодитой байх магадлал өндөртэй гэж үзэж байна. Цаашид энд тавигдсан мэдээлэлүүдийг ашиглан өөрийн бодлоо блогоороо дамжуулан хүргэж байх бодолтой. за тэгээд дараах мэдээлэл дээр саналаа хэлье гэж бодлоо. Гэхдээ дандаа муулах юм л гарах гээд байгаа шүү.

Нийслэлийн замыг урд хөршийнхөн шинжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаярын урилгаар БНХАУ-ын Зам гүүрийн корпорацийн төлөөлөгчид ирсэн билээ. Тэд өнөөгийн авто замын байдалд дүгнэлт өгөх бөгөөд ажлаа эхэлжээ. Тус компанийн дэд ерөнхийлөгч Ван Ганг тэргүүтэй төлөөлөгчид Налайх-Улаанбаатарын асфальтан зам, сүүлийн үед гомдол гарах болсон Энхтайваны гүүрийг барьсан арвин туршлагатай юм. Тэд өмнөх ба одоогийн байдалд судалгаа хийж, дүгнэлт өгнө.
Энэ ажлыг тэд өөрсдийн хөрөнгөөр хийх юм. Ингэснээр хямралын эсрэг төлөвлөгөөнд тусгагдсан хотын замд зарцуулах 100 тэрбум төгрөгийг хаана хэрхэн зарцуулах нь тодорхой болох юм байна.


за одоо энэ мэдээнээс юу ойлгосоноосоо эхлэе.
Хотын даргын урилгаар хятадын төлөөлөгчид иржээ. Тэд Монголын нэгэн замын байдалд дүгнэлт хийхээр ирсэн. Гэхдээ тэд гомдол гарсан замыг барьсан "арвин туршлагатай" хүмүүс юм. Тэгээд тэрийгээ засах ч юм уу эсвэл цаашид яахаа шийдэх ч юм уу ямар нэг санаатай байгаа юм гэнэ. Тэгээд энэ судалгаанд гарах зардлаа өөрсдөө гаргана. Дараа нь цаашид гаргах их мөнгийг яаж зарцуулахыг заана.

Тоймлон ойлгоход иймэрхүү л дүр төрх гарч байна. Мэдээж хэрэг, энд тухайн мэдээлэлийг бичсэн сэтгүүлчийг тэнэг мангараар нь дуудаад өнгөрч болно. Эсвэл муусайн хятадууд гээд занах хэрэг ч гарч магад. Хамгийн гол нь эндээс Монголчууд өөрсдөө замаа хийж, янзалж чадахгүй, гадны компаниас тусламж хүсэж байгаа юм байна. Тэгээд тэр их мөнгийг уг ажилд зарцуулах гэж байгаа юм байна гэсэн дүгнэлт гарлаа.

100 тэрбум гэдэг асар, асар их мөнгө. /aprox. 60 орчим сая доллар/
Энэ мөнгө нөгөө л татвар төлөгч ард түмний халаасаа шавхан, харамлан, хэрэлдэн, уурлан, бухимдан байж төлсөн мөнгөний маань нэг хэсэг байж таарна. Нарийн бодвол автын үзлэг, замын хураамж за тэгээд өөр юу ч байдаг юм мэдэх мэдэхгүй хураамж, торгууль гэх мэтээс цугларсан мөнгө байх. Энэ мөнгөөр хотын замыг бүхэлд нь засаад янзлаад гоё болгочихдоггүй юм гэхэд хотын захиргаа өөртөө замын хэдэн техник худалдаж аваад цаашид барих, янзлах ажилдаа ашиглаад, ашиг олохгүй ч зардал хэмнээд байж болох л байх. Ер нь иймэрхүү их мөнгөний дүнг сонсоод байхад цаана нь хэн нэгэн эвэртэн туурайтны бизнес байгаа байх гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Өнөөдөр энэ мөнгөнд тааруулсан төсөв хийгээдэх гээд үндэсний бизнес эрхлэгчиддээ хандах юм бол хөөрхөн юм хийчих газар олон гарна гэдэгт итгэлтэй байна.
Болдогсон бол энэ мөнгөөр Монгол орны замын нөхцөлийг судлах, замыг сайжруулах технологийг хөгжүүлэх лаборатори байгуулахсан. Тэгвэл Монгол улсын маань цаашдын хөгжилд их л хэрэгтэй юм сан даа. Дээрх мэдээнээс харахад энэ их мөнгө гадагшаа гаргах тал руугаа болсон юм шиг санагдлаа. Тэгээд засаад л байдаг дараа нь тайлан тавиад л байдаг тэгсэн хирнээ нүдэнд үзэгдэж гарт баригдах юм байхгүй л байх нь элбэг. Эцсийн дүндээ тэр мөнгө хаашаа ч юм алга болчихсон байдаг шүү дээ. Ингээд ургуулан бодоод бичээд байвал зөндөө л юм бичиж болохоор. Энэ бол зөвхөн наад захын жишээ шүү дээ.

2 comments:

  1. Манайхан замаа засаж чадахгүй байгаа нь харамсалтай шүү.

    ReplyDelete
  2. Badka-d: Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
    Хүйтэн уур амьсгалтай орнуудын замын технологийг судлахад зориуд анхаарахсан. Канад, Финланд, Орос гэх мэт. Миний л мэдэхээр социализмын төгсгөл үед долоон буудал руу тависан замыг оросууд тавьж байсан юм даг. Тролейбус явах гээд шугам татаж замын өргөтгөл хийж байсныг тодхон санаж байна. Тэр зам хуучирсан гэхэд хотод байгаа гайгүй замуудын нэг байх шүү.

    ReplyDelete